Эрэгтэй хүний хувцасны тухай

Сайн эд материал, уг хүнд тохирсон сайхан хийц хоёр л эрэгтэйчүүдийн хувцсыг сайхан болгодог гол зүйлүүд юм. Эрэгтэйчүүдийн өдөр тутмын костюм, баяр ёслолын костюм хоёр хийцийн хувьд бага ялгаатай учир түүнийг материалыг сонгож авахаас хувцасны гоё ганган байдал үлэмж хамаарна.
Гэхдээ зарим онцлог зүйлийг харгалздаг байх хэрэгтэй. Дээд хэсгээрээ нарийхан, жадгар өмд маш туранхай эрчүүдэд зохихгүй. Ийм бие цогцостой хүн зуны цагт цамцныхаа гадуур нимгэн пиджак, гадуур цамц буюу бүчтэй хүрэм өмсвөл илүү аятайхан.
Өндөр туранхай эрчүүд хэтэрхий урт ч биш, хэтэрхий богино ч биш пиджак өмсөх ёстой.
Намхан эрэгтэй хүн хэтэрхий богино пальто өмсөх нь тохиромжгүй юм.
Хөл майга аваас нарийн шуумагтай өмд бүү өмс.
Цагаан цамцан дээр үдшийн гоёлын костюмыг өмсвөл ихээхэн зохино. Ер нь цагаан саарал, цагаан цэнхэр өнгийн цамцан дээр хөх өнгийн костюм, хул, цагаан шар өнгийн цамцан дээр хүрэн өнгийн костюм, цагаан саарал цамцан дээр ногоон өнгийн костюм, цагаан саарал, цайвар ягаан, цайвар ногоон цамцэн дээр саарал өнгийн костюм өмсөх нь зүйтэй.
Зангиаг костюм, цамцныхаа өнгөтэй дүйлгэн тохируулна. Дан цулгуй өнгөтэй цамцан дээр толботой, ханан хээтэй, эсвэл цулгуй өнгийн гэх мэт ямар ч өнгө, хээтэй зангиаг зүүж болно. Цамц харин гоц хурц тод хээ хуартаа байвал дурын өнгө, хээтэй зангиаг зүүхээс зайлсхийвэл зохино. Тийм тохиолд цулгуй өнгийн зангиа, цамцны гоц содон хээ хуарыг дардаг ажгуу.
Өндөр нуруутай хүн пальтоныхоо өнгийн бүрх өмсөхгүйг хичээвэл зохино. Учир нь ижил өнгийн бүрх улам өндөр болгож харагдуулдаг. Өндөр хүмүүс өвөл аль болохуйц нам оройтой малгайг өмсөх хэрэгтэй. Харин өвлийн малгайны үсийг пальтоныхоо юм уу, захныхаа үстэй ижил байлгахыг хичээх нь зүйтэй.
Зөөлөн савхин хар шаахайг бараг ямар ч өнгийн костюмтай өмсөж болно.
Оймсоо өмд, гутлынхаа өнгөтэй, зангиаг костюм, цамцныхаа өнгөтэй тохируулах нь чухал.