Монгол төрийг түвшин байлгахыг уриалав

УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт тойргийн хорооны хууль ус шийдвэр, цагдаа, цэргийн хүчилсэн хамгаалалт, бүслэлтэнд дахин санал хураалт гэгчийг хийж, ард түмний нэгэнт хийсэн улс төрийн сонголтыг өөрчлөх жүжиг-ийг эрх барьж байгаа МАХН тавьж тоглуулсныг Эх орон-Ардчилал эвсэл эрс шийдвэртэй буруушааж байна. Дахин санал хураалт явуулах нь ард түмний сонголтыг доромжилсон, улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн хооронд үл итгэлцлийг бий болгох ноцтой сөрөг үр дагавартай тул эвсэл анхнаасаа эсэргүүцсээр ирсэн билээ. Гэтэл МАХН-ын захиалгаар хийсэн энэ балмад үйл явдал нь ард түмний хөрөнгийг амин хувьдаа завшсан гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд ямар ч үнээр хамаагүй төрийн эрх мэдлийг хадгалж үлдэх гэсэн цөөн тооны эрх мэдэлтний увайгүй оролдлого гэж үзэж байна. Ард түмний нэгэнт хийсэн сонголт МАХН-д заавал таалагдах албагүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ард түмний сонголт эцсийн дээд шийдвэр, энд ямар нэг засвар, эргэлзээ байх учиргүй гэж мэдэгдсэн хэдий ч МАХН ард түмний сонголтыг өөрчлөхийн тулд улайран зүтгэж, тэр ч байтугай бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хууль ёс, бүрэн эрх, нэр төрд халдаж, улмаар дахин санал хураалт гэгчийг зохион байгуулан түүндээ Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчааг татан оруулж байгаа нь нэг талаас Зэвсэгт хүчин, нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хооронд хагарал үүсгэх, цаашилбал тогтворгүй байдлыг өдөөх санаатай үйлдэл болж байна.
МАХН-аас энэхүү балмад санаанаасаа татгалзаж, ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөхийг шаардахын сацуу Монгол төрийн түвшин байлгах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг даган мөрдөж, УИХ-ын анхдугаар чуулганыг үргэлжлүүлэх бололцоог бий болгохыг МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдэд уриалж байна гэж Эх орон-Ардчилал эвслээс мэдээллээ.
/Өнөөдөр, 2004., 07.21, 169/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button