Манай сумочид эх орондоо иржээ

Тэднийг ирэхэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж бахдам амжилт үзүүлж буй гавьяат тамирчин, их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Кёкүшюзан Д.Батбаяр болон Кёкүтэнхо Н.Цэвэгням нарыг танхимынхаа дээд шагнал Хийморь одонгоор шагналаа.
Мөн эх орноо гадаадад сурталчлах, гадаад харилцааг өргөжүүлэх, бизнес хөрөнгө оруулалтыг дэмжихэд оруулж буй сүмочдын хувь нэмрийг үнэлж Монголын дүр төрх, имижийг илэрхийлэгч эрхэм элч буюу The image ambassador of Mongolia өргөмжлөл олгосон юм.
Шагнал гардуулах ёслолд их аварга оролцсонгүй.
Тэрбээр Японд ажил ихтэй яваа гэнэ. Асашёорюү хэзээ ирэх вэ?
Олон хүн энэ асуултад хариулт олохыг хичээж, их аваргаа хүлээж байна. Ялангуяа Өвөрхангайнхан илүүтэй харуулдаж байгаа. Тус аймгийн Хужирт сум 80 жилийнхээ ойг тэмдэглэх хугацаагаа түр хойшлуулаад буй.
Японы мэргэжлийн сүмогийн макүүчи зиндаанд найм, сүүлийн дөрвөн башёд завсаргүй түрүүлсэн их авргаа ирэхээр Хужиртынхан наадмаа хийнэ. Асашёрюүгийн ээж Х.Пүрэвбадамтай холбоо баривал Хүү минь хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Энэ сарын 23-наас өмнө ирж магадгүй гэлээ.
Манай сумочид маань тус тусын ажлаа амжуулж, богино хугацааны амралтаа эдлээд буцах бололтой.
Асашёорюү Афины олимпод оролцох тамирчдад спортын хувцас, хэрэглэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай Японы Мизуно фирмийн бүрэн хувцас гардуулах гэнэ. Харин Кёкүшюзан Д.Батбаяр Кёкүшюзан хөгжил сангийнхаа ажилд биечлэн оролцох ажээ.
Мэргэжлийн сүмогийн жюүрёо зиндаанд барилдаж 50 хувийн амжилт үзүүлсэн Ама Д.Бямбадорж өчигдөр Баянгол зочид буудалд саатжээ. Түүнийг Р.Давааням зааны хүү гэдгийг уншигчид мэднэ. Тэр ахынхаа начны найранд оролцож, ахдаа япон бэлэг барьжээ. Д.Бямбадоржийн ах Лхагвадорж Улс хувьсгалын 83 жилийн ойн баяр наадамд тав давж, начин цол хүртсэн билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button