Бургуй тавих заалт ба аргууд

1.Цэвэрлэх бургуй
Бургуйг зөв тавих үндсэн нөхцөл нь шулуун гэдэсний анатомийн замыг мэддэг байх юм. Бургуйн хошууг хошногоны амсрын булчингаар дээш, урагш 4-5 см аажим оруулаад, дараа нь арагш аарцаг, шулуун гэдэсний өргөн хэсэг рүү явуулан 400-700 мл шингэн хийдэг.
Заалт
-баас хатах
-мэс заслын өмнө
-төрөхийн өмнө
-хэвлийн хөндийн болон бага аарцгийн эрхтнүүдийн рентген шинжилгээний өмнө
-хордлогын үед
Эсрэг заалт
-шулуун гэдэсний хавдар
-түрүү булчирхайн хавдар
-зүрхний булчингийн хурц шигдээс
-гялтангийн үрэвсэл
-ходоод гэдэсний замын цус алдалт
-хошногоны амсрын шархлаа ба цууралт
-бүдүүн гэдэс болон хошногоны амсрын идээт үрэвсэл
-хэвлийн хөндийн эрхтнүүдийн мэс заслын дараах эхний өдөр
Зорилго
-хатсан баасыг угаах, зөөлрүүлэх
-гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах
2.Зайлах бургуй
Заалт
-гэдэс баас болон хийгээр түгжирсэн үед
-гэдэсний түгжрэл гэж сэжиглэж байгаа үед
Бургуйн бэлтгэл нь цэвэрлэх бургуйтай адил. Зүүн талаар нь буюу дээш харуулж хэвтүүлэн доор нь хулдаас болон хөтөвчийг тавьж өгнө. Хошного руу хошууг 20-30 см гүн оруулаад өвчтөний байрлалаас дээш түвшинд Эсмархийн савыг усаар дүүргэнэ. Саван дахь ус юүлэгдсэний дараа савыг доошлуулж бохир агуулагдахууныг асгана. Энэ үйлдлийг гарах усыг бэвэр болтол давтах ба үүнд 10-15 литр бүлээн ус хэрэглэгдэнэ.
3.Гипертоник бургуй
Энэ нь натрийн хлоридийн гипертоник уусмалыг ашигладаг өргөн тархсан бургуй юм. Эсмахерийн сав болон резинэн баллоныг ашигладаг. Бургуйн хошууг шулуун гэдэсрүү оруулан 10%-ийн 100-200 мл 37 хэмийн натрийн хлоридийн уусмалыг хийнэ. Бургуйн үйлчилгээнь 20 минутын дараа илрэх ба шулуун гэдэсний салст бүрхэвчийг цочроох үйлдэлтэй.
Эсрэг заалт
-геморрой /шамбарам/
-шулуун гэдэсний шархлаа ба үрэвсэл
-хошногоны амсрын цууралт
-гэдэсний агчил /спазм/
4.Тосон болон хамба шарилжны бургуй
Тогтмол баас хаталтын үед хэрэглэдэг. Орой шулуун гэдэс рүү 150-200 см ургамлын тос хийдэг ба 12 цагийн дараа үйлчлэл нь илэрнэ. Тосыг 36-37 хэм хүртэл халаасан байна.
Хамба шарилжны хандыг бэлтгэхдээ 4 стакан /шилэн аяга/ хэрийн буалсан усанд 2 хоолны халбага хамба шарижлийг хийж самбайгаар шүүнэ. 37 хэмийн 150 мл хандыг шулуун гэдсээр хийдэг. Тосон болон шарилжны бургуй нь сулруулах үйлдэлтэй ба мөн үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлчлэл үзүүлнэ.
Эмийн бургуй
Заалт
-гэдэсний дээд хэсгийн түгжрэл
-мэс заслын улмаас амаар хооллож чадахгүй үед
Эсмархийн савыг 5%-ийн глюкоз, аминопептид болон бусадтэжээлийн шингэнээр дүүргэнэ. Энэ уусмал нь 39-40 хэмтэй байна. Эсмархийн савыг резинэн хоолойд холбон төгсгөлд нь дусаагуурыг бэхэлнэ. Хошууг нарийн гэдсэнд оруулж 1 минутанд 20-30 дусал дусахаар 1-2 литр уусмалыг хийнэ. Энэ бургуйг тавихаас нэг цагийн өмнө цэвэрлэх бургуйг тавьсан байна .
Бургуй тавих аргууд
Хэрэглэгдэх багаж
1.1-2 литрийн багтаамжтай Эсмархийн сав
2.Бүдүүн резинэн хоолой /150 см урт/
3.Хуванцар хошуу
Бургуй тавихаас өмнө өвчтөнийг шээлгэсэн байх ба хатуу талаар нь хөлийг өвдгөөр нь нугалж хэвлийд наалгасан байдалтайгаар орны ирмэгт хэвтүүлнэ. Доор нь хулдаас тавьсан байна. Хэрэв өвчтөний хөдөлгөөн хязгаарлагдмал, эргэх хөдөлгөөнийг хориглосон бол өвчтөнийг хэвтээ байрлуулна. Өвчтөнийг тонгойлгон хоёр хөлийг өвдгөөр нь нугалуулж алцайлгана.
Сувилагч бургуйн хошууг вазелинаар тосолж шулуун гэдэс рүү 10-12 см гүн оруулан 1 литр хүртэл ус хийнэ. Ингээд өвчтөнийг 20 минут байлгаж байгаад бие засуулна. Ажилбарын явцад эмч, сувилагчид өвчтөнийг сайтар хянаж анхаарна. Бие засуулсны дараа баасанд салст, идээ, цус байгаа эсэхийг ажиглана.