Хүнд ачаа биеийн тэнцвэр алдагдуулна

Ямар ч хэмжээний цүнх сав таны биеийн өндөр, нам, тэр ч бүү хэл биеийн жинтэй чинь таарч байх ёстой. Учир нь өөрийнхөө биеэс хэтэрсэн овор ихтэй цүнх саванд хийсэн ачааг хэрхэн өргөж явах билээ. Тэгээд ч тэр цыүнх сав чинь түгжээ, цахилгаан, сэнж бариул зэрэг нь амархан тасрахаар бол ямархуу хүндрэл учрахыг урьдчилан таах аргагүй юм. Ингээд өөртөө таарсан ачаа барааг хэрхэн авч явж болох талаар бяцхан зөвлөгөөг өгье.
1.Хэрвээ алс хол, хил дамжин явахаар шийдсэн бол
Хамгийн тохиромжтой сав бол дугуйтай цүнх юм. Олон газрыг дамжин өнгөрөх явцад танд байнга туслах хүн тэр бүрийд таарахгүй биз. Тийм болохоор алс хол яваа та өөрийгөө бага ядраая гэвэл дугуйтай цүнхийг сонгоорой. Энэ нь гар мөр, биеэ хүнд зүйлээр даруулахгүй хамгийн сайн талтай.
2.Харин нэг их хол биш ч хотын нэг захаас нөгөө зах руу өөрөөсөө ахадсан ачаа авч явах гэж байгаа бол найдвартай цүнх сав бэлдээрэй. Энэ нь хамгийн чанартай материалаар оёсон, бариул, түгжээ, амсар нь сайн хаалттай, хамгийн гол нь өргөж явахад газарт хүрэхээргүй өндөртэй, хэт их өргөн биш байх хэрэгтэй. Гартаа авч явахад хүнд байх тохиолдолд өргөөд явахад тохиромжтой байхыг бодолцоорой.
3.Таны авсан буюу барьж явах зүйл чинь цүнх савандаа нэг л эвээ олж өгөхгүй байвал яаралгүй түүнийг гаргаад дахин эвтэйхэн хийх гээд оролдоод үзээрэй. Болж өгвөл хэлбэр дүрс, багтаамжаараа хоорондоо тохирох зүйлийг хамтад нь баглаад ижил торонд боогоод дахин том тор, цүнхэндээ хийх хэрэгтэй. Энэ нь цаашид хол авч явах үед тань биеийг огт ядраахгүй байхад тустай болно. Цүнх сав, торондоо хамгийн гол анхаарах зүйл бол түүний бариул сэнж юм. Хичнээн үзэмжтэй цүнх байлаа гээд бариул, цахилгаан нь ажилладаггүй бол ямар хэрэг байх билээ дээ. Нэн түрүүнд хаалт хийх, боох зүйлээ сайн шалгаад үзээрэй.
4.Таны барьж явах цүнх сав чинь өмсөх хувцастай чинь таарч тохирох эсэхийг бодолцоход гэмгүй шүү. Хэдийгээр та хээнцэр хувцастай ч уранхай, бариул, түгжээ нь эвдэрсэн, хир тостой харагдах цүнх сав, тор баривал ямар харагдах билээ дээ. Энэ бүхэн жижиг мэт санагдавч маш их ач холбогдолтой байх тул та үүнийг анхааралдаа аваарай.