Жирэмсний үед тохиолдож болох өвчнүүд

Дараах хялбархан зөвлөмжийг мөрдвөл нуруу ууцны өвдөлтийг намдаан арилгаж болно. Yүнд
Шалан дээрээс, эсвэл газраас ямар нэг зүйлийг авахдаа хөлөө өвдөгнийхөө үеэр нугалаарай.
Хүнд юм өргөхдөө биеэсээ хөндий биш, биедээ аль болохоор ойр шахаж өргөөрэй.
Нуруугаараа хажуу тийш муруйж эргэж болохгүй, зөвхөн хөл дээрээ эргэж байгаарай.
Түшлэгтэй сандал дээр сууж байгаарай.
Хэтэрхий бөхийлгүйгээр хөнгөн ажил хийнэ.
Хатуу дэвсгэртэй, эсвэл модон банзтай ор хэрэглэвэл нуруу өвдөхөөс урьдчилан сэргийлнэ. Нуруу, ууцаар өвдсөн тохиолдолд эмчээс зөвлөгөө авч физик эмчилгээ хийлгэх ашигтай.
Буйлнаас цус шүүрэх
Жирэмсэн ба жирэмсэн биш үед буйлнаас цус шүүрэх нь буйлны нянгийн гаралтай үрэвсэлтэй болсны шинж юм. Буйлны үрэвсэл жирэмсэн үед цөөнгүй үүсэх талтай байдаг.
Өдөрт нэгээс доошгүй удаа шүдээ угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэснээр буйлны үрэвслээс сэргийлж чадна. Шүдээ хэрхэн угаах талаар шүдний эмчээс зөвлөгөө аваарай.
Хүүхэд төрөхөөс өмнө амны хөндийн эрхтнийг эрүүлжүүлэх нь нэн чухал.
Баас хатах
Жирэмсний нэлээд эрт үеэс эхлэн бие махбодид үүссэн дааврын хямралын улмаас өтгөн хатаж болдог. Энэ үед шингэн юм сайн ууж, хүнсний зүйлдээ талх, жимс, ногооны төрлийг голчлон хэрэглэх ашигтай. Өглөө босоод хооллохын өмнө халуун цай, ундааны зүйл уувал ашигтай хэмээн зарим хүн үздэг.
Шөрмөс татах
Шөрмөс татах ядаргаа цөөнгүй тохиолддог. Голдуу шөнийн цагаар хөл, тавхайн шөрмөс татна. Чухам яагаад шөрмөс татдаг шалтгаан тодорхойгүй боловч кальци дутагдсанаас шөрмөс татдаг гэсэн таамаглал бий. Ийм учир эмч нар кальци хэрэглэхийг зөвлөдөг.
Шөрмөс таталтыг тавиулахын тулд булчинг хүчтэй үрж илэх хэрэгтэй. Гараараа тавхайг дээш нь гэдийлгэхэд тавхайн шөрмөсний таталт тавигдана. Хэрэв та өөрөө энэ үйлдлийг хийж чадахгүй ахуйл нөхрөөрөө хийлгэж болно. Унтахынхаа өмнө салхинд алхах, тусгай дасгал хийж байвал цусны эргэлт сайжирна.
Ухаан балартах
Түргэн босох, орноосоо огцом өндийх, хурдан явсны дараа жирэмсэн эмэгтэйчүүдийн ихэнхийн толгой эргэж ухаан балартах тохиолдол илэрнэ. Хааяа эгц дээшээ хараад хэвтэж байхад ч гэсэн түр зуур ухаан балартаж, муужирч болно. Зогсож байх үед дотор муухайрч ухаан балартвал сандал дээр суух хэрэгтэй. Хэрэв дээшээ хараад хэвтэж байх үед толгой эргэвэл хажуугаараа харж хэвтвэл зүгээр болно.
Толгой өвдөх
Зарим жирэмсэн эмэгтэйчүүдийн толгой өвддөг. Энэ үед тайван байж амарвал ашигтай. Эсвэл парацетамолын шахмал 2 ширхэг ууж болно. Зарим эмэгтэйчүүд жирэмсэн үедээ эм уух дургүй байдаг боловч толгой өвдөх үед парацетамол, эсвэл аспирин уухад аюулгүй гэдгийг хэлж зөвлөе. Толгойн өвдөлт намжихгүй бол эмч, эх баригч нарт мэдэгдэж зөвлөгөө аваарай. Жирэмсний хожуу хугацаанд толгой өвдөх нь артерийн даралт ихэссэний шинж байдаг учраас тэр даруй эмчид үзүүлэх хэрэгтэй.
Ходоод-гэдэсний үйл ажиллагааны хямрал, гулгилт
Жирэмсэн үед ходоод-гэдэсний үйл ажиллагаа хямарч болно. Хоол, ундаа тохируулж зөв хэрэглэвэл хямралд орохгүй. Бага багаар олон дахин хооллох ашигтай. Ингэснээр ходоод-гэдэсний үйл ажиллагааны хямралаас урьдчилан сэргийлж чадна.
Ходоодны үйл ажиллагааны хямралын нэг нь гулгилт юм.