Элдэв янзын зөвлөгөө

Яншуйг хүйтэн усанд биш, халуун усанд угаавал анхилуун үнэрээ алдахгүй.
Жимс, ногоог хөргөгчид хийхээсээ өмнө сайтар угааж, хаттал арчих хэрэгтэй.
Чанаж байгаа хоолны витаминыг сайн хадгалахын тулд модон халбагаар хутгах хэрэгтэй.
Шөл
Махны шөлийг тунгалаг болгоё гэвэл буцлахаар нь тагийг авч хөөс, нитгийг нь шүүрдэж ав. Бас байн байн шөлний тосыг нь хамж байх хэрэгтэй. Зугуухан буцалгавал шөл гарах нь сайн байдаг.
Махаа хүйтэн усандаа хийж буцалгавал шөл гарах нь дээр байдаг.
Ногоогоор хийх хоол, ялангуяа шөлний нөөц ногоог урьдчилан битгий бэлтгээрэй. Учир нь ногооны витаминт чанар өдөр ирэх тутам алдагдана.
Лоолийг шөлөнд махаа болоогүй байхад хийгээрэй.
Чанаж бэлэн болсон шөлөнд лаврын навчаа битгий орхиорой.
Хар шөл түргэн хийхийн тулд махаа ширхэгийн дагуу хөндлөн нарийхан хэрчих юм уу бөөрөнхийлөөрэй.
Шөл чинь шорвог болчихвол халбаганд ёотон хийгээд дүр. Тэгээд ёотонгоо уусаж эхэлмэгц халбагаа аваарай. Дахиад шорвог хэвээрээ байвал дахин дүрээрэй.
Мах
Махыг шарж, хайрсны дараа буцалж байгаа усан дээр 15 минут байлгахад шарж, хайрсан мах шүүслэг болно.
Махыг чанаж, шарахаасаа өмнө битгий давслаарай. Эрт давсалсан махны шүүс нь ялгарч амт нь муудаж, тэжээллэг чанараа алддаг.
Шарсан мах түлэгдвэл түлэгдсэн давхаргыг нь авч хаяад, төмс хэрчиж шөл, ус юм уу, тос нэмж үргэлжлүүлэн шарна.
Татсан махыг хадгалж болохгүй, учир нь нян амархан үрждэг.
Махан котлетыг халбагаар дарахад тунгалаг шүүс гарч байвал болсны шинж мөн. Болсон котлетыг зүсэхэд ягаан биш, саарал өнгөтэй байх ёстой.
Бүдүүн үхрийн махыг чанахаасаа хэдэн цагийн өмнө хуурай гичээр арчиж, чанахынхаа өмнө хүйтэн усаар угаавал их зөөлөрч амархан чанагддаг.
Махыг хүйтэн усаар угаагаад таваг, эсвэл төмпөнд хийгээд байлгана. Харин махаа хөшиглөж болохгүй, хөшиглөвөл мах хамаг сайхан шүүсээ алдана.
Махыг халуун усанд гэсгээж болохгүй, тэгвэл аль ашигтай эд юм нь алга болдог.
Хөлдүү махыг хүйтэн усаар угаагаад 2-3 цаг тагтай саванд байлга. Гэсэхдээ гарсан шүүсийг нь чанахдаа ашиглаж болно.
Элэг
Түүхий элгийг ургамлын тос түрхэж хүйтэн газар хадгалбал сайн.
Хэрэв элгийг халуун усанд минут хэртэй дүрж гаргавал хальс нь амархан автагдана.
Хэрэв элгийг шарахаасаа өмнө 2…3 цаг хүйтэн сүүнд байлгавал маш амттай болно. Элгийг шарж болох үед нь давслах хэрэгтэй.
Сонгино
Хэрчсэн сонгиныг шарахын өмнө гурилд өнхрүүлбэл дороо түлэгдэхгүйн дээр амтлаг шар өнгөтэй болдог.
Сонгино хэрчихдээ нүдээ хорсгохгүйн тулд хутгаа хүйтэн усанд дүрэх хэрэгтэй.
Сонгиныг нарийн гоожуулсан усан доор цэвэрлэх юм уу, буцалж байгаа усанд 2-3 минут дүрж аваад цэвэрлэвэл нулимс гоожих бэрхшээлгүй болно.
Хэрэв сонгиныг зөвхөн талыг нь хэрэглэсэн бол үлдсэн хагасынхаа огтолсон хэсэгт тос түрхвэл сонгино сайн хадгалагдана.
Загас
Хөлдүү загасыг зөвхөн хүйтэн усанд хийдэг гэдгийг мартуузай
Загасыг нүд, заламгайг нь аваад толгойг нь чанаж болно. Харин голдуу толгойгүй шардаг.
Аливаа загасан хоолыг ширүүн гал дээр чанаж болохгүй. Хоол дөнгөж буцлангуут л галыг нь багасгаж, зөөлөн гал дээр үргэлжлүүлэн буцалгаж чанах хэрэгтэй.
Загасыг шарахын өмнө сүүнд хэсэгхэн бариад, дараа нь гуриланд өнхрүүлбэл загас гойд амттай болдог. Тос үсчүүлэхгүйн тулд хайруулын тавгаа шанаган шүүрээр таглах хэрэгтэй.
Загас шарахын өмнө хайруулын тавгандаа тосны хамт ширхэг төмс цэвэрлэж хэрчин хийвэл загасны үнэрийг өөртөө шингээдэг.
Шарж буй тосондоо чимх давс нэмбэл хайруулын тавагтай загас чинь түлэгдэхгүй.
Төмс
Арилгасан төмсийг хадгалж болохгүй. Аргагүйдвэл түүнийг 1-2 цаг усанд байлгаж болох юм. Ингэхдээ бүтэн булцуугаар нь байлгах хэрэгтэй.
Жигнэсэн төмсний тэжээллэг чанар илүү хадгалагддаг.
Төмсийг зөөлөн гал дээр болгохгүй бол гаднаасаа хэт чанагдаад дотроо хатуу чигээрээ үлдэнэ.
Хальстай нь чанасан төмсийг чанасны дараа шууд хүйтэн усаар зайлбал цэвэрлэхэд хялбар байдаг.
Хальстай нь чанасан төмсийг хэт болгочихгүйн тулд усандаа ердийнхөөсөө илүү их давс хийх хэрэгтэй.
Төмсийг хэт болгохгүйн тулд чанаж буй усаа буцлангуут нь асгаж хүйтэн ус хийж болно.
Төмсний нухашийг хүйтэн сүүгээр шингэлж болохгүй. Учир нь саарал, эвгүй үнэртэй болно. Зөвхөн буцламгай сүү, тэгэхдээ бөөн үүсгэхгүйн тулд түүнийгээ бага багаар хийх хэрэгтэй.
Төмс шарахдаа зөвхөн сайхан улайж ирэхэд нь л давс хийх хэрэгтэй. Эс тэгвээс давс нь тостойгоо холилдон хэрчсэн төмсний хэлбэр алдагдан, амт нь тааруухан болдог.
Өндөг
Тахианы өндөг шинэ эсэхийг тодорхойлохын тулд хагас литрийн шил савтай усанд хоолны халбагаар давс хийж хутгана. Хэрэв өндөг ёроолд нь живбэл шинэ, хөвж гарч ирвэл муудсан гэсэн үг. Дунд зэргийн шинэвтэр өндөг бол савны дунд хэрд хөвөх болно.
Хөргөгчид байсан өндгийг чанахад хагардаг. Yүнээс хамгаалж усандаа хоолны халбагаар нэг давс хийнэ. Ингэхэд хальс нь цуурах боловч доторхи өндөг нь гоожихгүй.
Чанасан өндгийг хүйтэн усанд даруйхан хийхгүй бол дараа нь хальслахад хэцүү.
Өндөгний цагааныг хурдан хөөсрүүлэхийн тулд чимх давс үрнэ.
Хөнгөн цагаан саванд өндөгний цагааныг хөөсрүүлбэл өнгө нь бараантана.
Сүү
Бага зэргийн содтой хөөрүүлсэн сүү удаан хадгалагддаг.
Сүүг хөөрүүлэхдээ түлэхгүйн тулд ширхэг ёотон хийх хэрэгтэй.
Сүүг 3 минутаас илүү буцалгах хэрэггүй. Учир нь витаминууд нь үлдэг.
Хэрэв сүү ямар боловч түлэгдсэн бол даруйхан өөр саванд юүлж, чимх давс хийн хүйтэн устай төмпөнд тавьдаг.
Сүүг шил, шаазан буюу паалантай саванд харанхуй сүүдэр газар хадгалвал гашлахгүй.
Дулааны улиралд сүүг хөөрүүлэхийн өмнө жаахан элсэн чихэр хийж буцалган амсар томтой саванд хийж таглалгүй сэрүүн газар тавибал ээдэхгүйн дээр эвгүй үнэр орохгүй.
Савтай сүүг чийгтэй алчуураар бүтээгээд хүйтэн усанд байлгавал гашлалгүй удна.
Хүрэн манжин
Хүрэн манжинг чанахдаа саванд нь талхны зах хийвэл эвгүй үнэр нь мэдэгдэхгүй.
Хүрэн манжинг цэвэрлэхдээ үндсийг нь гүн тайрах хэрэггүй. Ингэвэл чанах үед өнгөө ихээр алддаг.
Хүрэн манжингийн өнгийг хадгалахын тулд чанаж, жигнэхдээ усанд нь орос цуу, нимбэгийн шүүс нэмдэг.
Будаа
Буцалсан усандаа хэдэн халбага хүйтэн сүү нэмбэл будаа нялцайхгүй.
Чанасан будаан дээрээ ялимгүй цуу нэмбэл арай цагаан өнгөтэй болно.
Хэрвээ цагаан будааг сүүтэй чанавал савандаа сахар бүү хий. Цагаан будаа чаналт даахдаа муу тул наалддаг. Сайн буцалсан усанд ялимгүй сахар уусгаад будаагаа болсон хойно нь нэмж өгөх хэрэгтэй.
Будааг 60-702 хувийн харьцангуй чийглэгтэй +5-5 градуст хадгалах нь хамгийн тохиромжтой арга юм.
Гурил
Нимгэн элдсэн гурилд хуурай гурил түрхэж элдүүрэндээ ороогоод хайруул дээрээ дэлгэхэд хялбар байдаг.
Зуурсан гурилаа аятайхан шаргал өнгөтэй болгоё гэвэл дээр нь өндөгний шар хийж хутгаад сэрүүн газар тавих хэрэгтэй.
Жигнэх пийшин чинь бэлэн болоогүй, зуурсан гурил исэж хөөгөөд байвал норгосон цаасаар бүтээвэл хөөлт нь багасна.
Гараа ургамлын тосоор тосолбол хөрөнгөтэй гурил гарт чинь наалдахгүй.
Гурилаа их хатуу зуурсны хэрэггүй, хүйтэн ус дүүргэсэн шилээр элдвэл гарт наалдахгүй, амархан элдэгдэнэ.
Гурил нь амархан чийг дааж, гадны үнэрийг шингээхдээ амархан учир агаар чөлөөтэй нэвтрэх хуурай газар элдвийн хурц этгээд үнэртнээс хол байлгаж хүнсэндээ хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай.
Гурилд гараа дүрж үзэхэд хүйтэн, чийг дааж байвал даруй ашиглах хэрэгтэй. Энэ нь муудаж буйн шинж.
Байцаа
Байцаа чанах үед эвгүй үнэрийг нь арилгахын тулд савандаа цэвэр алчуурт боосон талхны үйрмэг хийдэг.
Жигнэсэн шинэ байцаан дээр ялимгүй цуу буюу нимбэгний хүчил нэмбэл хэт нялцгай болохгүй.
Шинэ байцааг нь шарах нь онцгүй. Шарах юм бол аргуун, амт муутай болдог. Иймд урьдаар чанаад, дараа нь шарах хэрэгтэй.
Гал тогооны өрөөнд байцааны эвгүй үнэр гарвал савныхаа халив дээр цуу бүхий чийглэсэн цэвэрхэн алчуур тавибал арилна.