Саунд суух юунд ашигтай вэ?

Эрүүл ахуйчид сауны өрөөний вандангуудыг олон хүн орсны дараа шинжлэхэд өвчин үүсгэгч нян илрүүлээгүй байна. Учир нь халуун ууранд тухайн орчны болон биеийн арьсан дээрх нянгууд устдаг ажээ.
Арьсны уян хатан байдлыг сайжруулахын тулд тамирчин хүн булчингаа байнга сайжруулдаг шиг арьсаа тордож, дасгалжуулах хэрэгтэй. Ууранд суух нь арьсыг дээд зэргээр дасгалжуулж, хөлсний булчирхайн ажиллагааг сайжруулдаг. Халуун уурны илч эд эсийг хүчтэй цочроохоос гадна физиологийн маш олон урвалыг үүсгэдэг. Түүний нөлөөгөөр цусны эргэлт идэвхжиж, бие махбодын үйл ажиллагаа сэргэнэ. Арьс дулаацаж, хөлс их ялгарна. Хөлсөөр дамжин зөвхөн илүүдэл дулаан төдийгүй бодисын солилцооны эцсийн илүүдэл бүтээгдэхүүн гадагшилдаг.
Халуун усанд орсны дараа бие хөнгөрдөг нь зөвхөн арьсны нүх сүв онгойж цэвэрлэгдсэнийх бус, цусны эргэлт сайжирсантай холбоотой. Халуун ус, уур нь биеийн жинг нэмдэггүй.
Бүх төрлийн өвчний хурц үе, архаг өвчин хурцадсан, халуунтай үед ууранд сууж болохгүй. Ууранд суухын өмнө их идэж болохгүй. Учир нь зүрхэнд хэт их ачаалал өгдөг. Хөнгөн маягаар л хооллох хэрэгтэй.
Ууранд суусны дараа биеэ аажмаар хүйтэн усаар шүршиж чийрэгжүүлвэл ханиад, томуу тусахгүйгээс гадна арьс чангарч толигор болно.