Yйлчилгээний үнэ нэмэгдэж магадгүй

Хотын тээвэр зохицуулалтын газарт нийтийн үйлчилгээ эрхэлдэг компани, аж ахуйн нэгжүүдээс үйлчилгээний үнээ нэмэх хүсэлт олон ирэх болсон байна. Yйлчилгээний үнэд өөрчлөлт оруулах журам боловсруулан нийслэлийн Засаг даргад ирүүлэхээр бэлджээ.
-Нийтийн тээврийн үйлчилгээний одоо мөрдөгдөж байгаа үнэ тариф 1999 оны аравдугаар сард батлагдсан. Тэр үед нэг литр түлшний үнэ 270 төгрөг байсан. Өнөөдөр тэгтэл нэг литр түлшний үнэ 580 төгрөг болчихлоо. Бид нар энэ түлшний үнийн өсөлттэй уялдуулаад зорчих тариф ямар хэмжээнд байх вэ гэдэг тооцоог нь гаргаж үзсэн. Тэгтэл 99 хувь нь үйлчилгээний км-т ногдох шатахууны зардлаас өнөөдөр 2004 оны тооцоогоор үзэхэд зардал нь 60 хувь өссөн байна.
Хэрвээ бензин шатахууны үнэ энэ хэвээрээ байх юм бол үнээ нэмэхээс өөр аргагүй гэж Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид тайлбарлаж байна. Тэд шатахууны үнэ нэмэгдсэн өдрөөс эхлэн ашиггүй ажиллаж эхэлжээ. Гэвч тогтоосон үнэ тарифыг өөрчлөх шийдвэр гаргаагүй тул одоохондоо үнээ нэмээгүй байна.
-Автобусны үнэ нэмэгдэх юм бол бидэнд хүндрэлтэй болно. Яагаад гэвэл ажилтай хүн байна, ажилгүй хүн байгаа. Тэгэхээр үнийг байгаа хэмжээнд нь барьж болдоггүй юм болов уу. Yүнийг төр, засгийнхан анхаарвал их л сайн байна даа.
240 төгрөгөөр авдаг талх өнөөдөр 300 төгрөгт хүрсэн, нэг кг мах 2800 төгрөг болчихсон. Бусад өргөн хэрэглээний барааны үнэ ч нэмэгдсээр байгаа. Амьжиргааны дарамт учруулсан гэж олон иргэд гомдоллож байна. Хэрвээ нийтийн тээврийн үйлчилгээний хөлс нэмэгдэх юм бол хоосон хонох айл олон болно гэж тэд ярьж байгаа.
Бензин шатахууны үнэ огцом нэмэгдэж суурь үнэнд нөлөөлж эхэлсэн нь хүмүүсийн амьдралд ноцтой дарамт учруулж эхэллээ. Гэвч энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авах Засгийн газар одоохондоо байгуулагдаагүй учир улстөрчдийг хурдхан учраа ололцон ард түмний амьдралаа бодохыг тэд хүсэж байгаа юм. Ялагдсан нь ялагдлаа хүлээж, ялсан нь бүх юмны ул суурь, үнэд нөлөөлдөг бензин шатахууны өсөлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлаасай гэж хүмүүс ярьж байна.
Хотын доторхи нийтийн тээврийн үнэ буурна гэсэн итгэлээр арай ядан салж байгаа бол хот хоорондын тээврийн үнэ нэмэгдсэн байна. Хот газар олон км газар явдаг учраас үнээ нэмэх хүсэлтийг нь хүлээж авахаас өөр аргагүй гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа. Урьд нь зорчигчдын явсан нэг км-ийг 18 төгрөгөөр боддог байсан бол одоо 24 төгрөг болжээ.
/MN-25/