Ж.Бямбадоржийг УИХ-ын дэд даргаас чөлөөллөө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дэд дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэв. Ердөө л ганцхан хоногийн дараа бүрэн эрх нь дуусгавар болох гэж байгаа түүнийг ийнхүү яаравчлан чөлөөлөх болсны шалтгаан нь Yндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулах санал ирүүлснийх ажээ. Ж.Бямдорж өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлүүлэх өргөдөл гаргажээ. Yндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сарын 9-ний өдөр дуусгавар болсон байна.
Цэцийн дарга Н.Жанцан орны хүнийг нь томилуулах талаар хүсэлт гаргаад байсан аж. Нэгэнт иймээс Төрийн байгуулалтын байнгын хорооныхон асуудлыг шийдэх гэж цаг алдсангүй. Ж.Бямбадоржийг нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжиж байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын дарга С.Төмөр-Очирт өгөхөөр боллоо. Цэцгийн бас нэгэн гишүүн Д.Чилхаажавын бүрэн эрхийн хугацаа долдугаар сарын 23-нд буюу маргааш дуусгавар болж байгаа. Эрх дуусахад ганцхан хоног дутуу байгаа, тэгээд ч тэр Ардчилсан намын гишүүн учраас асуудлыг энэ удаад хэлэлцэх шаардлагагүй, аягүй бол бөөн хэл ам дэгдэнэ гэж гишүүд урьдчилан хэлэлцсэн бололтой юм.
Yндсэн хуулийн Цэцийн гишүүн нь зургаан жилийн хугацаатай томилогддог, хараат бус байгууллага. Ж.Бямбадорж сайн хуульчийн хувьд энэ томилгоо нэлээд оновчтой ч болсон байх. Хэдийгээр тэр сонгуульд ялалт байгуулж чадаагүй ч Yндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдоно гэдэг нь УИХ-ын дарга хийж хэрүүл зохицуулж, Л.Гүндалайн лоозонг урах гэж гүйхгүй, сайд нар шиг өдөр тутмын ажилд махаа идэхгүй, Yндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэж хэлсэн шигээ эрдмийн ажил хийж, бүх хуулиудын эцэг Yндсэн хуулиа сахин суух нь илүү биз ээ. Ийнхүү МАХН лидерүүдийнхээ нэгний томилгооны асуудлыг бүрэн эрх дуусахтай уралдан ам мөлтөс шийдэж чадлаа.
Ж.Бямбадоржийг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх, Yндсэн хуулийн Цэцэд томилуулах саналыг Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн хэлэлцээд нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Энэ өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, Гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороо дараалан хуралдсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгож буй Б.Дангаасүрэн, В.Жавхлан, Д.Пунцаг, П.Цэцгээ, Ё.Өнөрбаяр, Ч.Тунгалаг нарыг танилцууллаа.
Хууль зүйн байнгын хорооны бас нэг хэлэлцсэн асуудал нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Уг хуулинд хуулийн этгээд 2004 оны дөрөвдүгээр сарын 4-ний дотор шинэчилсэн бүртгэлд материалаа ирүүлэх ёстой байсан. Гэтэл заасан хугацаанд бүртгүүлэх ёстой байгууллагын арав гаруйхан хувь нь л материалаа ирүүлжээ. Тиймээс уг хугацааг зургаан сараар сунган нэг жил болгон хуульд өөрчлөлт оруулах саналыг байнгын хорооны хуралдаанд оруулж байгаа аж. Гишүүдийн хувьд нэгэнт хуульд заасан хугацааг сунгаснаар бүх байгууллагууд хамрагдаж амжих уу, дахин зургаан сараар сунга гэх юм биш гэж болгоомжилж байсан.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Мөнх-Оргил Хэрвээ заалт ёсоор дөрөвдүгээр сарын 1-нээр дуусгавар болгон бүртгүүлээгүй байгууллагуудыг татан буулгасан бол төрийн байгууллага төрийн бус байгууллагыг татан буулгаж байна гэж нэлээд асуудал үүсэх байсан. Хугацааг сунгаснаар үнэхээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд бүртгүүлэх боломжтой гэж хариулсан. Ингээд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
/Өдрийн сонин, 2004., 07.22, 181/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button