ВВС Чингисийн тухай кино хийж эхэллээ

Мөн кинонд тоглох 30 гаруй жүжигчнийг сонгон шалгаруулсан бөгөөд байлдааны хэсэгт 150 цэрэг оролцуулахаар болжээ.
Кино хэрхэн хийгдэж байгаа талаархи мэдээлэл болон бэлтгэл ажил болох морьд, хувцас хэрэглэлийн асуудлыг Монголын талаас Аригу компани хариуцаж байгаа бөгөөд Монгол кино нэгтгэл, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм байна.
Чингис хаанаар Н.Оргил тодорчээ
Чингис хааны сүүдэр кинонд дандаа монгол жүжигчид тоглоно гэнэ. Дүрийн сонгон шалгаруулалтыг 500 орчим хүнээс хийсэн бөгөөд Чингис хаанд жүжигчин Н.Оргил тоглохоор болжээ. Бөртэ хатанд залуу жүжигчин Р.Анхням шалгарч, мөн гавьяат жүжигчин Д.Мэндбаяр, Г.Равдан, соёлын тэргүүний ажилтан З.Жарантав, Г.Дамдин, Д.Бямбацогт, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг нар киноны бүрэлдэхүүнд багтаад байгаа аж.
Дүрийн сонголтыг хийсэн Мария Магдалена Шварцбарт, менежер павел Баренски нар Польш, Их Британи, Америк, Франц, Герман, Канад зэрэг олон оронд уригдан ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд юм. Ялангуяа М.М.Шварцбарт нэрт найруулагч Стивен Спилбергийн арван Оскарын шагналтай Шиндлерийн бүртгэл, болон Төгөлдөр хуурч киноны жүжигчдийн багийг бүрдүүлж байсан хүн билээ.
Орлон тоглогчдыг одоо Тэрэлжид бэлтгэж байгаа бөгөөд сургалтыг ВВС-гийн кино группийн бүрэлдэхүүнд ирсэн Терминатор, Титаник кинонд орлон тоглож байсан алдартай хүмүүс удирдаж байгаа гэсэн.
Кино хэзээ бэлэн болох бэ?
Киноны зураг авалт энэ сарын 26-наас бөгөөд есдүгээр сарын 1-н гэхэд дуусах ажээ. Бүх зургийг Монголд, тэр дундаа Тэрэлжид авахаар төлөвлөсөн байна.
Ирэх оны хоёрдугаар сард кино бэлэн болох бөгөөд ВВС болон АНУ-ын Discoүery, Германы RTL сувгаар цацах аж. Ялангуяа ВВС-гийн хамгийн их хүн үздэг, үнэтэй цагаар цацахаар хэдийнэ захиалгаа өгсөн бөгөөд Англид л гэхэд 8-10 сая хүн үзнэ гэж тооцоод байгаа тухайгаа тэд сонирхууллаа.
Чингис хааны сүүдэр киноны зөвхөн зураг авалтад 300 мянган ам.доллар төсөвлөгдсөн байна.
Уг бүтээлийг хийх болсон шалтгаан нь XIII, XIY зууны үеийн Монголын эзэнт гүрний тухай болон тэр үеийн өрнө, дорнын харилцааны тухай кино өмнө нь гарч байгаагүйтэй холбоотой. Ингэснээр Европ дахь Монголын талаархи ойлголтыг дахин сэргээнэ гэж үзсэний үндсэн дээр манай компанийн түүхийн хэлтсээс санаачлан ийнхүү кино бүтээхээр болсон гэж ВВС-гийн мэргэжилтнүүд ярьж байна.
Их хааныг ямар талаас нь гаргах бол…
Чингис хааныг Европ төдийгүй Англид сайн мэддэг. Киноны зохиолыг мэргэжлийн зохиолч бичсэн бөгөөд англи хэлээр гарсан бүхий л эх сурвалжуудыг судалсан. Мөн Монголын олон эрдэмтэд, бөөтэй хүртэл уулзаж ярилцсан хэмээн ВВС-гийнхэн ярилаа.
Тэд Чингисийг түүхэн хүн, цэргийн аугаа удирдагч гэдэг талаас нь гаргах бөгөөд өөр ямар ч бүтээлүүдтэй гол санаа нь давхцахгүй хэмээн тодотгосон. Нэг цагийн хэмжээтэй Чингис хааны сүүдэр-т түүнийг төрсөн цагаас нь эхлээд Монголын эзэнт гүрэн, түүний удирдлагад байсан дэлхийн томхон улсуудын зохион байгуулалт, дэлхийн талыг эзэлсэн аян дайных нь тухай гээд бүхэл бүтэн амьдралыг нь тусгах юм байна. Мэдээж Чингисийн их цэргийн зэвсэг техник, зохион байгуулалт зэргийг ч нарийн гаргахаар тусгажээ.
/Өдрийн сонин, 2004., 07.22, 181/