Нүдний болор цайх

Нүдний болор цайх үед гарах шинж тэмдгүүд
Нүдний болор цайх нь өвдөлтгүй явагддаг бөгөөд өдөр тутмын хараатай холбоотой үйлдлийг хийхэд хүндрэл гардгаар илэрдэг байна. Эдгээр хүндрэлийн жишээ нь
Хараа бүдэг болох
Юмс хоёрлож харагдах
Юмс шар туяатай болж, бүрэлзэх
Өнгө нь гандсан мэт харагдах
Холын хараа нэмж муудах
Юм уншихад бэрх болох
Тод гэрэлд мэдрэг болох /нарны гэрэл, ширээний гэрэл, ирж яваа машины гэрэл г.м/
Эдгээр шинж тэмдгийн ихэнх нь нүдний бусад өвчнөөс шалтгаалан үүсч болох учир хараанд ямар нэг өөрчлөлт гарах үед нүдний эмчээс зөвлөгөө авах нь чухал юм.
Нүдний болор юунаас болж цайдаг вэ?
Нүдний болор цайх нь ихэвчлэн нас ахихтай холбоотой байдаг. Нүдний болор эрт цайхад хүргэх дараах шалтгаанууд бас байдаг.
Чихрийн шижин зэрэг эрүүл мэндтэй холбоотой шалтгаан
Дааврын бүлгийн эмүүдээс шалтгаалах
Хүнд хэлбэрийн холын харалган
Хүчтэй цохиулах, эсгэх, юмаар хатгуулах, хэт их хүйтэн буюу халуунд өртөх, химийн бодист түлэгдэх, туяаны нөлөөнд автах зэрэг нүдний гэмтэл бэртлүүд
Нарны хэт яагаан туяаны хортой нөлөө
Тамхи их татах
Архи их уух
Нүдний болор цайхаас сэргийлэх нь
Энэ өвчнөөс бүрэн сэргийлж чадахгүй ч үүсэх хугацааг хойшлуулах дараах арга замууд байдаг байна.
Чихрийн шижинтэй хүмүүс цусан дахь чихрийн хэмжээг сайн хянаж байх
Нүдээ нарны хэт ягаан туяанаас хамгаалах, жишээ нь нарны шууд туяанаас аль болох зайлсхийх, өргөн хүрээтэй малгай өмсөх, хэт ягаан туяаны хамгаалалттай нарны шил зүүж байх
Шинэ жимс ногоо ихээр хэрэглэж байх, ялангуяа хар ногоон болон шар өнгөтэй ногоонууд настлахтай холбоотой нүдэнд гарах өөрчлөлтүүдийг сааруулах нөлөө бүхий тэжээллэг бодис, амин дэмээр баялаг байдаг байна.
Тамхиа хаях
Архи бага ууж байх
Нүдний болор цайсан үед юу хийж болох вэ?
Нүдний болор цайхын эхэн үед та хүчтэй нүдний шил, эсвэл контакт линз зүүж болно. Ийм нүдний шилийг таны нүдний талаар мэдэх мэргэжлийн хүний тусламжтай тааруулж авах хэрэгтэй. Гэвч энэ нь зөвхөн түр зуурын арга бөгөөд таны нүдэнд явагдаж байгаа өөрчлөлтийг зогсоож чадахгүй.
Өнөө үед нүдний болор цайх явцыг эргүүлж хэвийн болгох эмийн эмчилгээ хараахан байхгүй билээ. Энэ үед хийдэг ганцхан эмчилгээ нь булингартсан болорыг мэс заслын аргаар солих юм.