Зөвшилцөх уулзалтууд эхэллээ

Эвслээс сонгогдсон гишүүдийн түр бүлэг Yндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах асуудлаар харилцан ярьж тохиролцоонд хүрэх асуудлыг түр бүлгийн ахлагч Энхсайхан, дэд ахлагч Оюун, Эрдэнэбат нарт даалгасан байна. Тэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга Энхбаяртай уулзлаа. Мэдэгдэл ёсоор өдрийн сайн цаг буюу морин цагт намуудын дарга нар гар барилцсан бөгөөд Yндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах асуудлаар хаалттай ярилцсан юм.
Төрийн ордонд дам яригдаж сургаар бол УИХ-ын даргад МАХН-ын дарга Энхбаяр, Ерөнхий сайдад ардчилсан намын дарга Энхсайхан, УИХ-ын дэд даргад Эх орон-Ардчилсан Шинэ Социалист намын дарга Эрдэнэбат нарын нэр дэвших бололтой. Гэвч энэ асуудлаар УИХ-д суудал авсан аль ч улс төрийн хүчин ямар нэг мэдээллээр мэдэгдэл хийгээгүй байна. Юутай ч маргааш УИХ-ын чуулган хуралдаж эдгээр асуудлыг хэлэлцэх бололтой.
/MN-25/