Шинэ шошготой Хараа худалдаанд гарлаа

Манай хүнсний үйлдвэрүүд дотроос ISO 9001 олон улсын чанарын удирдлагын тогтолцоонд шилжсэн цорын ганц үйлдвэр болох Спирт бал бурам компани Хараа нэрийн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлд олон улсад патентлагдсан савлалтын өмнөх, тусгай микро шүүлтүүр ашиглан маш нарийн дамжлагатайгаар, дээд зэргээр цэвэршүүлсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж эхэлжээ. Yндэсний шилдэг брэнд Хараа-гийн чанар ийнхүү шат ахихын зэрэгцээ өнгө үзэмж, нууцлалын хувьд ч манайдаа тэргүүлэх хэмжээнд очиж байна.
Тус компанийнхан мэргэжлийн дизайнер, чөлөөт уран бүтээлчдийн дунд таван сая төгрөгийн шагналтай Хараа-‘гийн шинэ шошго зохиох уралдаан зарлан дизайнер Ц.Доржийн бүтээлийг шалгаруулан ашиглахаар болсон билээ.
Энэхүү шалгарсан загварыг дэлхийд хамгийн өндөр нууцлалтайд тооцдог галограман наалт дээр хэвлэж байгаа ажээ. Шинэ шошготой Хараа-г хуурамчаар үйлдэхээс найдвартай хамгаалсан гэнэ. Учир нь галограмыг өндөр нууцлал шаарддаг мөнгө, үнэт цаас, цахим картад өргөн хэрэглэдэг ажээ.
/Өнөөдөр, 2004, 07.23, 171/