Секс соёлд эрэгтэйн үүрэг

Аливаа юм өөрийн гоо сайхантай. Эр хүний гоо сайхан нь бие бялдар, гүдэсхэн эршүүд зан байдал, ухаалаг тэнүүн санаа, зоримог шийдвэртэй чанар, ханиа хүндэтгэн хайрлах халамж зэрэгт хамааралтай ажгуу.
Секс бол хос хоёрын эхээс унасан махан бодиороо ямар ч хаалт хориггүйгээр, хамгийн нягтаар учран золгох үйл учраас биеийн ариун цэвэр эрхэм чухал. Усанд орж, сахал үсээ авч, шүд амаа угаасан, өнгө үзэмжтэй байх нь эмэгтэй хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх нь зайлшгүй. Бэлэг эрхтнийхээ үсийг авсан байх нь таатай.
Эхнэртэйгээ хамт сууж, эротик зугаатай ном сэтгүүл уншиж, кино ший, нэвтрүүлэг үзэж ярилцаж болно. Тэр хэрхэн сонирхон үзэж байгаа бол. Юутай ч болов хааяахан ч гэлээ хамт сууж үзэх хэрэгтэй.
Секц харьцаанд мэдрэхүйн бүх эрхтнүүд оролцдог. Мэдрэхүйн таван үйл нь харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх болой. Эдгээрийн дотроос эмэгтэй хүний хувьд сонсож мэдрэх нь нэн чухал үүрэгтэй бөгөөд уярал хайрын эелдэг дотно үгнээс эм хүн эр хүнээс 3.5 дахин хүчтэй сэрэл авч, дур нь хөөрдгийг судлаачид тогтоожээ. Ийм ч учраас Эм хүн чихээрээ, эр хүн нүдээрээ гэдэг.
Хүрэлцэхүй бол секс дур хүслийг бадраан амт оруулах чухал мэдрэхүй юм. Эр хүний эрүүл чийрэг бие, цэвэр толиорхог арьс тэргүүтнийг илэн таалж шүргэлцэх нь эротик хүсэл аяндаа төрүүлнэ.
Секс гоо сайхны нэг нь биеийн ариун цэвэр. Цэвэр сайхан биеийг харах, үнэртэх, амтлах, хүрэлцэхүйгээрээ мэдэрснээр таны учралын бэлгийн дур хүсэл хөдөлнө.
Өөрийнхөө болоод ханийнхаа бие цогцсын өөрт заяагаагүй гайхамшгийг таньж судалсан байх нь секст амжилт олохын нэг үндэс болно. Нүдээ аниад сэтгэлдээ төсөөлөхөд хайрт чинь бүх юмаараа харагдаж байгаа эсэхийг сайтар мэдэр. Хэрвээ сэтгэлд чинь сайн буухгүй байгаа бол дутуу л мэдэж байна гэж ойлгоорой. Өмнөх бүхий л сайхнаа санаж, ургуулан дүрслэх нь дараагийн үйлийн амжилтын хөрс суурь болно.
Эмэгтэй хүний биологийн нэгэн онцлог бол сарын тэмдэг буюу биеийн юм үзэгдэхүй юм. Энэ нь эмэгтэйн умайгаас тодорхой үечлэл хугацаанд цусархаг зүйл ялгаран гарах үзэгдэл бөгөөд төрөх насны эмэгтэйд жирэмсэн болоогүй байгааг илтгэн харуулдаг. Сарын тэмдэг үзэгдэх үед үтрээний хурьцлыг тэвчих нь зүйтэй. Энэ нь ариун цэвэр эрүүл ахуйн талаасаа чиг, санаа сэтгэл, ёс зүйн талаасаа чиг зохисгүй юм.
Зарим эрчүүд бэлгэвч хийхээс дургүйцэх явдал гардаг. Бэлгэвч бол жирэмслэлт болоод бэлэгсийн элдэв өвчний аль алинаас найдвартай сэргийлэх гол арга юм. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл хөгжсөний үрээр одоо үед бэлгэвчийг хурьцахуйн мэдрэмжийг бууруулахгүйгээр нимгэн, зөөлөн бөгөөд тосолгоотой хийдэг болжээ. Иймд шаардлагатай үед түүнийг хэрэглэхээс татгалзах хэрэггүй юм.
Орчин үед хоног хугацаа харгалзалгүй хурьцлыг чөлөөтэй хийхэд саад хориг болдоггүй мөртлөө хүсээгүй жирэмслэл, хүүхэд олохоос сэргийлж чаддаг олон янзын арга хэрэгсэл бий болсон тул тэдгээрийн талаар тодорхой мэдэж, хань ижлээ сэрэмжлэн хамгаалах нь эр нөхрийн үүрэг юм. Нөгөө талаар хүсээгүй жирэмслэлтээс сэргийлсэн байх нь сексийг айдас түгшүүргүй чөлөөтэй хийх, чингэснээрээ гэр бүл, бэлгийн сайн сайхан амьдралын нэгэн баталгааг хангаж байгаа хэрэг болно.
Секст эр бэлэг эрхтний том, жижгийн хэмжээ хүмүүсийн ярьдаг шиг төдий чухал үүрэгтэй биш бөгөөд эрчүүдийн хэрэглэлийн хэмжээ сав саваа гээхээргүй ойролцоо байдаг. Насанд хүрсэн эрийн бэлэг эрхтний уртын хэмжээ тайван сул үедээ 5-7 см, босч хөвчирсөн үедээ 15-16 см болдог.
Хурьцлыг чанартай үйлдэхэд эр хүний бэлгийн чалх шийдвэрлэх үүрэгтэй. Бэлгийн чалх гэдэг бол эр биед байгалиас заяасан хишиг боловч түүнийг сайжруулан бойжуулахад эр хүн өөрөө их үүрэгтэй. Өөрийгөө гололгүй сайжруулах олон арга боломж бий.
Эр хүний өөртөө бүрэн итгэлтэй байх нь сексийг үр дүнд хүргэх гол нөхцөл мөн. Зарим эрчүүд анхнаасаа зориг итгэл муутай хандсанаас хэн хэнийгээ эвгүй байдалд оруулж, сүүл сүүлдээ улам зөрчилдөх нь ч бий. Та бас эхнэрээрээ бахархаж, түүгээрээ үргэлж сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Учир нь таны эхнэрт эмэгтэй хүнд байдаг бүх юм байгаа, бусдын эхнэрээс, өөр эмэгтэйгээс дутуу юм ердөөсөө байхгүйд итгэж болно. Бурхан түүнийг танд зориулж, таныг сайхан байлгах гэж бүтээж өгчээ. Харин та хоёр бие биенээсээ урьд нь мэдээгүй байсан шинийг олж мэдэрч чадаж байваас бусдаас аз жаргалтай секс хос болж чадна. Энд эр нөхрийн секс мэдлэг, арга ухаан тусална.