Чуулган түр завсарлав

Хуралдааныг даргалсан ноён Дэмбэрэл МАХН одоогийн байдлаар хамгийн олон суудал авсан тул УИХ-ын даргыг сонгох боломжтой. Бусад нам, эвсэл МАХН-тай зөвшилцөх хэрэгтэй гэж хэллээ. МАХН-ын дарга Энхбаяр зөвшилцөл хийх хүсэлт тавьж чуулганыг түр завсарлуулах санал оруулсан юм. УИХ-ын анхдугаар чуулган 15.00 цаг хүртэл завсарлах шийдвэрийг хурлыг даргалагч гаргалаа.
Чуулган завсарласан хугацаанд Эх орон-Ардчилал эвслээс болон МАХН-аас сонгогдсон гишүүд Төрийн ордны А, Б танхимд тус тус хаалттай хуралдаж УИХ-ын дарга, дэд дарга болон Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх талаар ярилцаж байна. МАХН одоогийн байдлаар 36 буюу хамгийн олон суудал авсан тул УИХ-ын даргад нэр дэвшүүлэх байр суурьтай байгаа бол Эх орон-Ардчилал эвсэл сонгуулийн эцсийн дүн гараагүй байгаа бөгөөд 24, 59 дүгээр тойргуудын асуудал шүүхээр шийдвэрлэгдсэний дараа аль нам, эвсэл хамгийн олон суудал авсан эсэх нь тодорхой болно гэж мэдэгдлээ.
Төрийн ордонд яригдаж байгаа дам сургаар УИХ-ын даргад МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий сайдад Ардчилсан намын дарга Энхсайхан, УИХ-ын дэд даргад Эх орон МАШСН-ын дарга Эрдэнэбат нарын нэр дэвших бололтой. УИХ-ын чуулган 17.00 цаг хүртэл дахин хойшилсон ч зөвшилцөж байгаа нам, эвслүүдийн хүсэлтийг харгалзан маргааш өглөө 11.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.
/MN-25/