Сүхбат наадам үзэх гэж яарч мэндэлсэн

Эхэн үедээ сэтгэл түгшдэг байсан. Харин сүүлийн үед арай гайгүй болсон. Барилдааныг нь голдуу гэртээ телевизээр үздэг.
-Ээждээ байнга ирээд байж чаддаггүй байх даа?
-Боломж гарвал ирнэ ээ. Байнга ирдэг. Даанч удаан тухалж чаддаггүй юм. Голдуу яаруухан ирээд, халуун хүйтэн цай холиод, зэлгээн болгож уугаад гарна. Ажиглаад байхад голдуу бэлтгэл хийх газар руугаа явж байгаа харагддаг. Ээж дээрээ ирэхээрээ борцтой цай уух дуртай. Бас зул өргөх дуртай. Уржнан даа. Нэг удаа ирэхдээ Ээж ээ, зулыг чинь асаачихсан шүү гэж хэлээд давхиад явж байгаа харагдсан юм.
Би тэгэхэд нь үхрийн зэлэн дээр байж таарахгүй юу. Үхрээ сааж дуусаад гэртээ ортол бүх зулыг маань асаачихсан байсан. Бас морь, мал, амьтанд их хайртай. Багадаа гөлөг цуглуулах дуртай байсан. Олон гөлөг цуглууллаа гэж зэмлүүлээд ер хаширдаггүйсэн. Одоо ч тэр зан нь хэвээрээ.
-Хонхор зөрлөгт төрж өссөн гэдэг байх аа. Танайх тэнд олон жил амьдарсан уу?
-Тэгэлгүй яахав. Сүхбат тэнд төрж, өссөн. Өмнө нь манайх Налайхад 10 гаруй жил амьдарсан. Аав нь Налайхын нүүрсний уурхайн Аврах ангид ажилладаг байсан юм. Олон жил хортой нөхцөлдажиллаад сүүлдээ бие нь дийлэхээ болиод ажлаа өгч, Хонхор руу нүүсэн юм. Манайх тэнд олон жил амьдарсан.
-Эхээс олуулаа, оюутан байхдаа Хонхор зөрлөгөөс гүйж хичээлдээ ирдэг байсан хэмээн аварга дурссаныг санаж байна?
-Заримдаа галт тэрэгнээсээ хоцорчихно. Тэгээд л гүйгээд явчихдаг байсан юм. Сургуулийнхаа гадаа ирээд цамцаа мушгихад уе сархийтэл гоождог байсан гэж ярьдаг байсан. Багын гүжирмэг. Ямар ч юмыг долоо хэмжиж, нэг огтолно гэдгээр л хийдэг хүн дээ. Их шартай. Тэр нь цагаан шар л даа. Заавал зорьсондоо хүрч санаа нь амардаг зантай. Чи яаж чаддаг юм гэхэд заавал чадах гээд зүтггэдэг хүүхэд байлаа. Олуулаа өссөн л дөө. Манайх таван хүү, зургаан охинтой.
-Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг байв?
-Аав нь төвшин сайхан хүн байсан. Архи ууж, тамхи татахыг мэдэхгүй. Хүүхдүүд нь ч тэр чанарыг нь өвлөсөн. Одоо хэр нь манайд тэр талын хэрүүл гардаггүй. Би хүүхдүүдээ тэр бүр загнаж зэмлэдэггүй байсан хэрнээ аавд нь сайн ховлодог байсан. Хүүхэд л болсон хойно болох болохгүй, юм их хийнэ. Болохгүй үед нь аав нь байнга бүсэлж явдаг байсан суран бүсээрээ ороолгож хашраадаг байсан.
-Ээжийн хувьд хүүхдүүдийн-хээ хувцсыг оёж шидэхээс эхлээд ажил ундардаг байв уу?
-Хүүхдийнхээ тоогоор дээл гутал оёх болно. Ялангуяа бүстэй хүүхдүүдийн гутал тэсэхгүй. Голдуу л барилдаж, ноцолддогоосоо болж тэр. Цамц, дээлийнх нь сугыг байнга оёж, нөхөж цойлдох болно. Нэг их уран байгаагүй ч хүүхдүүдийнхээ, дээл хувцсыг оёхдоо хуний царай хардаггүй байсан.
-Олон хүүхэдтэй айлын хүүхэд голдуу л ажилсаг байдаг гэдэг?
-Хүүхдүүд маань хар багаасаа адуу малтай ойр өссөн. Малын дэргэд байхад аяндаа л ажил сурчихдаг. Аав нь их ажилсаг хүн байсан. Өөрөө гүүгээ барина, адуунд эртэй. Гэхдээ морь уядаггүй байсан. Яагаад ч тэгдэг байсан юм, морь мал өлегөөд яахав гээд их дургүй байсан санагддаг юм. Хүүхдүүдийн маань хэн нь ч үхэр саана. Манай Сүхбат тараг сайхан бүрнэ. Бас өрэм их сайн загсаадаг. Яаж ч сурсан юм. Миний хувьд хүүхдүүддээ тэг ингэ гэж ажил заагаад байгаагүй.
Ховлочихоод л сууж байдаг байсан. Одоо гэртээ ирэхээрээ хэн нь ч зүгээр суудаггүй.
-Аваргыг багад нь өхөөрдөн дууддаг байсан нэр бий юү?
-Улаанаа гэдэг байсан юм. Анх жаахан улаан хүүхэд мэндэлж билээ. Одоо ч тэр нэрээр нь дууддаг. Сүхбатыг бага байхад манайхтай ойр орчим айл байсан нутгийн хүмүүс одоо Улаанаа маань л биднийгээ баяегаж явах юм даа гэцгээдэг.
Зургадугаар сарын 22-нд төрсөн юм шүү дээ. Аав нь хүүгээ өөрөө эх барьж аваад Миний хүү наадам үзэх гэж яарчээ гэж байж билээ. Хүүхдүүдээ бүгдийг нь эх барьж явсан. Эмч нар бохир төрөлт энэ тэр гэж зэмлээд эмнэлэгт хэвтэхийг зөвлөдөг байснаа сүүлдээ аргагүй эвлэрсэн үү, юм хэлэхээ больсон
-Бээжинд хийлгэсэн эмчилгээ чинь сайхан зохисон уу?
-Тэгэлгүй яахав. Хүү маань дагуулж очоод, гурав хоног хамт байж байгаад иреэн. Тэнд байх үедээ ээжийгээ байнга л хоолоор шахаад байсан. Ирэх намар Утай гүмбэн рүү авч явна л гээд байгаа.
-Таны хувьд хөдөө малынхаа дэргэд байх илүү жаргал бололтой?
-Хэл гар муутай мөртлөө малынхаа дэргэд байгаад байх бодолтой. Хаяагаа сөхчихөөд малаа хараад хэвтэхэд сэтгэл цаанаа нэг тэнэгэр байдаг юм. Болж өгвөл ач, зээ нартайгаа байгаад байх бодолтой. Тэднийхээ дунд хувинтай тараг тавьчихаад, бужигнаж байхыг нь харахад хайр хүрмээр байдаг юм. Даанч хүүхдүүд Ээжийг ядраачихна гээд тэр бүр хамт байлгахгүй юм.
-Ач зээ олонтой юу?
-21 дарь эх гэдэг шиг 21 ач, зээтэй. Би бас нэг сайхан хүүтэй болоод байгаа.
-Юун хүү…?
-Дэлхийн зөн байгууллагын шугамаар Хаяг тогтоох гэдгээс авсан юм. Хүний үр ялгаа юу байхав. Нэг нь ч гэсэн зөв сэтгэлтэй өсч, амьдралаа зөв авч яваг гэж бодоод. Би хүүгээ өөрөө олж авсан. Хаяг тогтоох дээр очтол нэг хурандаа хүн тосч уулзсан. Тэгээд хоттой хониноос нэгийг нь шилж авдаг шиг л юм болсон. Охидууд нь арай сэргэлэн юм аа. Нүдээ ирмээд, Би сайн шүү гэж эрхийгээ гозойлгоод гүйгээд явчихаж байгаа юм. Эхлээд тэр олон хүүхдийг нэг бүрчлэн сайн тогтоож харах гээд нүд бүрэлзээд. Гэтэл нэг далбайсан шар хүү инээсээр гараад ирсэн.
Нэг л нүдэнд дулаахан. Бусад нь тэгж инээгээгүй шиг санагддаг юм. Тэгээд хэллээ. Энэ хүүг л авъя гэж. Нөгөө хурандаа Үгүй энийг үү. Жаахан доожоо муутай юм. Та өөрөө мэд гэсэн. Одоо хүү маань хамгийн сайхан хүү болж өсч байгаа. Ажилсаг, чих зөөлөнтэй. Энэ жил 17 хүрч байгаа. 14-тэйд нь авсан юм. Хүүгээ ирэх жилээс жолооч болгох санаатай.

(өнөөдөр 2004.07.27 174)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button