Английн бизнесменүүд

Тэдний алхаж гишгэх нь хүртэл эрхэмсэг. Анлид Хатан хааны эрх мэдэл давамгайлж байдаг. Адал явдал, шог ярианд тун дуртай. Тэд Жеймс Бонд, Харри Поттер, Шерлок Холмс зэрэг олон баатруудтай. Түүнээс гадна англичууд крикет, нохой болон морин уралдаан тэмцээнд их цугладаг.
Тэд хэрхэн хооллохыг зааж сургах дуртай ч өөрсдөө тэр бүр үүнийгээ баримтлаад байдаггүй. Англичуудын хамгийн их уух дуртай ундаа бол шар айраг, виски, дарс юм. Ялангуяа шар айраг.
Архи дарс уух үедээ хундаганы үг хэлж, хундага тулгадаггүй ба тэд сайн чанарын архи, дарсыг хэнээс ч дутахгүй мэднэ. Тэд хооллох дэгийг зөрчихөд тун дургүй. Гэртээ зочин урих нь ховор. Хэрэв та тэдний гэрт уригдвал гэргийд нь заавал цэцэг, дарс аваачиж өгөөрэй.
Англичуудыг нэлээд цэмцгэрдүү, тохиролцсон зүйлээ биелүүлэх чадвартай хүмүүс гэж үздэг. Нэг ам өгсөн бол түүнээсээ буцна гэж бараг байдаггүй.
Британичуудтай ажил хэрэг явуулж байх явцад хувь хүний зан төлөв, соёл болвсрол нөлөөтэй. Энэ нь асуудлыг нааштай шийдэхэд тусалдаг. Тэд бас хэнээс ч дутахгүй егөөдөж чаддаг. Англи хүний ялгагдах чухал шинж бол ард нь бодит ажил хэрэг байхгүй ухаан зарсан төсөлд дургүй байдаг явдал юм.
Англи хүний зан үйлд үндэсний, улсын, өрх гэрийн уламжлалт заншлыг гүнээ хүндэтгэх үзэл онцгой байр эзэлдэг. Угсаатны тодорхой төвлөрлийг орхигдуулбал буруу болно. Америк хүнтэй харьцуулбал эл төвлөрөл нь ихээхэн нууц хэлбэртэй оршино.
Англичуудын гол онцлог бол цэвэрч нямбай, аливаа асуудалд тэвчээртэй, бодитой ханддаг явдал юм.
Уулзалт яриаг эхлэхдээ шууд асуудлаасаа эхлэхгүй. Цаг агаар, спорт тэмцээн, соёл урлагийн сэдвээр яриа өрнүүлдэг заншилтай. Yүнээс үүдэн асуудлын шийдвэрийг ч мөн өөр хэлбэрээр илэрхийлдэг.