Нийслэлийн захиргааны хэргийн шүүх мэдэгдэл гаргалаа

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг хуралдаанд оролцогчдод уншин сонсгосноос хойш долоо хоногийн дотор хувийн зохиогчдод хүргүүлнэ гэж заасан. Шүүх хуулийн энэ заалтын дагуу энэ шийдвэрийн агуулгыг шүүх хуралдаанд танилцуулсан бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78-ын хоёрт заасны дагуу шийдвэр биелүүлэх арга журмаа шийдвэрт зааж өгсөн ба үүнийг хуралдаанд заавал унших шаардлагагүй гэж шүүх үзсэн болно. Учир нь тус шүүхийн шүүгчид захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай 2004 оны долдугаар сарын 2-ны өдрийн 24 дүгээр захирамж хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд дээрх заалтыг шийдвэрт оруулсан ч, оруулаагүй ч энэ захирамжийн үйлчлэл хэвээр хадгалагдаж байсан юм. Харин ч шүүх энэ тухай хариуцагч байгууллагад тухайн үед нь албан ёсоор мэдэгдсэн болно. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг халж сольсноор шүүхийн шийдвэр болон хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлан, улмаар хууль бус үр дагавар үүсгэсний хариуцлагыг захиргааны хэргийн шүүхээс хайж байгаа явдлыг эрс буруушааж байна.
Хэргийн гуравдагч этгээд Гүррагчаагийн өмгөөлөгч Ганбаатар, Наранцацралт нараас захиргааны хэргийн шүүхийн засвар оруулах тухай хүсэлтийг шүүх 2004 оны долдугаар сарын 23-нд хүлээн авсан бөгөөд хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн шийдвэрт засвар оруулах боломжгүй гэж үзсэн. Учир нь шүүхийн шийдвэрийн гурав дахь заалт нь хэргийн бодит байдлыг илт буруу илэрхийлсэн, санамсаргүй тооны алдаа гаргасан, зарим зүйлийг ойлгомжгүй илэрхийлсэн гэсэн үндэслэлүүдийн алинд нь ч хамрагдаагүй байна гэж үзсэн юм. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа бол дээр дурдсан бохир аргаар биш, харин зохих журмын дагуу гомдлоо гаргаж хэргийг хянуулах нь зүйд нийцнэ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, шүүгчид дээрх хэлбэрийн аливаа дайралт гүтгэлгийг үл хайхран, улс төрөөс ангид, бусдаас хараат бус байж гагцхүү хуульд захирагдан өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа бөгөөд цаашид ч ингэж ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.
/MN-25

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button