Эхнэрүүдэд хандсан бичил зөвлөмж

Эр хүнийг өөртөө улам улам ойртуулан татах үндсэн арга бол түүнийг дээдлэн хүндэтгэх явдал юм. Эхнэр нь цай хоолныхоо дээжийг эхлээд гэрийн эзэн, эр нөхөртөө барьдаг наад захын ёс бий.
Нөхрийнхөө алдаж эндсэн үед сэтгэлийн дэм үзүүлж, халамжлан туслах нь эхнэр хүний ёс суртахууны үүрэг. Эр хүний алдааг засахдаа давтан үглэхдээ бус, буруудсан учрыг өөрөөр нь тунгаалгах зарчмыг баримталвал нөлөөлөл сайтай.
Эр нөхрөө баярлуулж байх хэрэгтэй. Эрчүүд гадна талаасаа хэрийн юмыг тоодоггүй юм шиг мөртлөө дотроо бол эхнэрийнхээ аятай нааштай хандсан бүхэнд баярлаж явдаг, сэтгэлийн дотоод мэдрэмж сайтай хүмүүс.
Гэр орон, хувцас хунар аливаа цэвэр цэмцгэр бүхэн нөхрийн сэтгэлд таатай бууж, эхнэрээрээ бахархаж явдаг. Нөхрөө ирэхэд сайхан зантай угтаж, болвол урьд урьдаасаа арай өөр хэв маягаар инээмсэглэж байвал түүнд аятайхан сэтгэгдэл төрнө.
Амьдралын ямар ч түвэгтэй асуудал тохиолдсон ний нуугүй ярилцаж ойлголцож байх хэрэгтэй. Хэн ч шийдвэрлэж чадахгүй ямар ч бэрхшээлтэй асуудлыг зөвхөн хоёр бие зөв ойлголцсоноор зохицуулж болно.
Нөхрийнхөө найз нөхөд, нэн ялангуяа хадамтайгаа зөв харьцаж тэдэнд хүндэтгэлтэй хандах нь гэр бүлийн харьцааг зохистой байлгахад чухал нөлөөтэй. Гэхдээ хадмуудынхаа ажил амьдралд хэтэрхий хутгалдаж хавтгайрах нь амьдралд түвэг учруулна.
Амьдралд хөндлөнгийн хүмүүс, найз нөхдийн нөлөөлөл гэж бий. Сайн найз нөхдүүдтэй байх сайхан. Жаргал зовлон бүхий л юмаа тэдэнтэйгээ хуваалцана, ярина. Ухаалаг сайн найз бол ухаарахаар юм хэлж зөвлөж чадна, урагшгүй тааруу нөхөр бол уруу татаж үймүүлнэ.
Хов яриа нь хийх, байх юмаа олж ядсан, цагийг дэмий нөхцөөсөн олиггүй хүмүүсийн утгагүй чалчаа яриа юм. Хов живэнд хүнд хэрэг болох юм ердөө ч байдаггүй. Ховноос улбаалж хэрүүл үүсдэг. Хэрүүл хэнийг ч сайн юманд хүргэж чадахгүй. Монгол ардын сургаальд Эвлэвэл бүтнэ, ховловол гутна гэсэн мэргэн үг бий. Yүнийг мэдсэн ухаалаг эхнэр, нуруутай эмэгтэй хов живийн бузраас өөрийгөө болоод нөхрийгөө сэрэмжилж тойрч явдаг.