Кино урлагаас өөрийгөө таньж авсан минь хамгийн том олз

Юуны өмнө таньд монгол улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэнд баяр хүргэе. Ярилцлагаа шинэхэн гавъяатын баярын сэтгэгдэлээс эхлэх хэрэгтэй байх.
-Маш сайхан байна. Энэ бол миний 30 гаруй жилийн хөдөлмөр төдийгүй манай киноны хамт олны бүтээл зүтгэлийг үнэлсэн шагнал гэж бодож байна. Манай киноныхон ч үүнд маш их баяртай байгаа. Сүүлийн үед бид голдуу уянгын кино хийсэн. Эдгэээр кинонууд маань олон сайхан уран бүтээлчид, тайз дэлгэцийн жүжигчид, дуучид, яруу найрагчид, хөгжмийн зохиолчидын гал халуун сэтгэлийн дэмээр бүтсэн бүтээл юм шүү дээ. Тэдний маань ач гавьяа, үнэлэмж энэ шагнал дотор явж байгаа.
-Таныг би мэргэжлийн жүжигчин биш гэж сонссон. Тиймээс таны жүжигчин болсон гараа их сонин байх гэж бодож байна. Яагаад энэ замыг сонгох болсон юм бол?
-1974 онд намайг дөнгөж их сургуулийн оюутан болоод байх үед Эх бїрдийн домог киноны Нарангаравын дүрд тоглох хүн хайгаад киноны уран бүтээлчид хоёр гурван хэсэг болоод сургуулиудаар явсан байгаа юм. Тэгэж явахдаа Улсын гавьяат жүжигчин Бадамгарав гуай намайг олж авсан. Аман хуур, Сэлэм Тогмидын ээжид тоглодог шүү дээ. Бадамгарав гуай орж ирээд бид нартай баахан ярилцаж байнаа. Бид ч нөгөө кинонд гардаг жүжигчин ороод ирлээ гээд л сонирхож, шохоорхоод л. сүүлдээ бүр ам руу нь орчих гээд. Тэгэж байснаа намайг бүжиглэдэг үү, дуулдаг уу гэр чинь хаана вэ гээд л баахан юм асууж байгаад кино пробонд орох санал тавьсан юм. Би кино үйлдвэрийг мэдэхгүй, одоо бодоход их хол хотын зүүн зах руу явж очиж байсан. Нэг их том тайз засчихсан. Цогт тайж кинон дээрх шиг сүртэй сүртэй хувцас өмсчихсөн их л гоё ах эгч нар байнаа. Тэрэн дотор миний сүрдэж байгаа гэж жигтэйхэн. Анх тэгэж л кино үйлдвэр хэмээх жинхэнэ уран бүтээл буцалж байдаг халуун тогооруу айн хулган байж орсон юм даа.Одоо эндээс тэр үеэ бодоход кино урлагруу анх хөтөлж оруулсан буянтай буурлууд, хамт ажиллаж байсан найз нөхөд, миний жүжигчин болох гарааг тавьж өгч намайг их зүйлд сургасанд талархаад ч барамгүй санагддаг юм. Намайг кино урлагт хөл тавихад ардын жїжигчин Чимэд-Осор, гавьяат жїжигчин Осор, Бадамгарав, Дамдин, Дагийранз, Равдан, Цэнпилмаа, Цэцгээ, Цэнд-Аюуш, Нэргүйбаатар, Карма, Дамдинбазар гэх мэт ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн тайз дэлгэцийн мастерууд намайг тосож авсан юм. Тийм хүмүүсийн дунд ороход сүрдэхгүй байхын аргагүй. Тэд ч надад сэтгэл харамгүй тусладаг байсан. Сүүлдээ цуг ажиллаад, овоо дасаад учраа олоод ирэхээр тэд нараасаа зүрх гаргаж юмаа асуудаг болж байлаа. Миний өдий зэрэгтэй яваа маань энэ олон хүмүүсийн л ач гавъяа. Товчхон хэлэхэд өнөөдөр намайг жүжигчин болгосон хүмүүс.
-Таны анхны бүтээж байсан Нарангаравын дүр, одоогийн гавьяат хоёрын хоорондох Батцэцэгт ямар ялгаатай байгаа бол?
-Тэртээ 30 жилийн өмнө бол уран бїтээлийн тухай сайн мэдэхгүй, урлагт сэтгэл нь умбаж жаргаж явсан үзэгч жаахан охин байсан. Гэтэл би өнөөдөр кино хэмээх энэ том ертөнцийн дотор нь орчихсон, амьдралаа, сэтгэлээ, бүх юмаа нэгэнт зориулчихсан уран бїтээлч болчихож. Кино руу хөл тавьж орсон маань маш том аз завшаан болсон бөгөөд миний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн. Жирийн үзэгчээс жүжигчин хэмээх энэ том мэргэжилийг эзэмшин үүнийхээ дагуу амьдрал, уран бүтээлээ зориулж байгаа хоёрын хооронд ялгаа их бий. Цаг хугацааны их алслал, дээрээс нь тэр жаахан хүүхдийг уран бүтээлч болгож төлөвшүүлэхэд хамт олон, урлагийн нөлөөлөл надад их юмыг ойлгуулж мэдрүүлж намайг тэрчигээр нь өөрчилсөн байгаа л даа. Ялангуяа хүний амьдралын их сургууль бол аугаа юм байна гэж боддог.
-Хэрэв танд тийм хувь зохиол таараагүй байсан бол?
-Түүнийг үгүйсгэх аргагүй. Yнэхээр тийм хувь заяа таарахгүй байж болох л байсан. . Манай аав ээж хоёр хэлний боловсролтой байвал алсдаа юунд ч гар мухардахгүй гэдэг байсан болохоор хэлний мэргэжил сонгоод байсан юм. Гэр орны нөлөөллөөрөө ч юм уу орчуулагч, чадал хүрвэл сэтгүүлч ч байж магадгүй.
-Та бусад хүний ач буяныг л дурдаад байдаг. Мэдээж өдий зэргийн өндөрлөгт хүрэхэд таны өөрийн зүтгэл чадвар байсан л байх. Авьяасаас гадна ямар чанар нөлөөлсөн бол?
-Би өөрөө өөрийгөө тодорхойлж хэлж чадахгүй юм байна. Уран бүтээлч хүн бол цаг үеэ сайн мэдэрдэг байх хэрэгтэй байдаг. Бас хүнд орчин их нөлөөтэй. Манай киноны уран бүтээлчид цаг хугацааг хожих, түүнийг алдахгүй үзэгчиддээ хүргэх гэж хичээдэг. Миний найз нөхөд ийм байхад өөрийн эрхгүй тэр ритм рүү орчихдог. Энэ ч утгаараа бид цаг хугацааг мэдэрсэн бүтээлүүдийг гаргаж чадсан юм болов уу гэж боддог юм. Зүүдэнд ирсэн хонгорхон ижий кино бидний хамгийн анхны бүтээл. Энэ кино тухайн үеийн кинонуудаас сэдэв өнгө төрхийн хувьд шинэлэг болсон. Тухайн үед үзэгчид арай зөөлөн, уянгын талдаа хүний сэтгэлийн эмзэг нарийныг хөндсөн киног сонирхож байсан. Энэ тал нь дутагдаад байна гэж ярьж байгаад Хүүхдийн төлөө үндэсний төвтэй хамтарч энэ киног хийсэн. Тэр кино хүмүүсийн сэтгэлд их хүрсэн. Ялангуяа дуу нь маш сайхан болсон. Яруу найрагч Хүрэлбаатар, хөгжмийн зохиолч Балхжавын уран бүтээл байгаа юм. Дуугаар нь хүмүүс андахгүй мэдэх байх.
-Тэр киноны дууг та кассетанд ар өвөргүй дүүрэн бичээд байнга сонсож явдаг гэж сонссон?
-Тийм. Би эхэндээ байнга сонсдог байсан. Одоо ч би тэр киног үзээд, дууг нь сонсоод уйлдаг.
-Та жүжигчний мэргэжлийг эзэмшсэнээрээ олж авсан хамгийн том олз гэвэл?
-Кино урлагт хөл тавьсан минь миний амьдралын хамгийн том аз завшаан, хамгийн том олз байгаа юм. Тэр дундаас би өөрийгөө нээж, таниж чадсан юмуу даа. Яагаад гэвэл би өөрийн хүч чадлыг дутуу үнэлдэг, бүрэг ичимхий байлаа шүү дээ. Манай урлагийнхан авьяастай, омголон, зоригтой, бас их сэтгэлийн хөдөлгөөнтэй, аливаа юманд бодитой їнэлгээ өгч чаддаг, хэлж чаддаг, илэрхийлж чаддаг, юм хийвэл үнэн сэтгэлээсээ хийж чаддаг хүмүүс шүү дээ. Эднийгээ дагаад юмыг их мэдэрдэг, зөв үнэлдэг чанарыг олж авсан гэж боддог юм. Энэ чанар ч намайг их өөрчилж, задалж өгсөн.
-Таны уран бүтээлүүдээс амьдралд таньд хүчтэй нөлөөлсөн, гүн сэтгэгдэл үлдээсэн бүтээл байдаг уу?
-Ерөөс кино болгон, тэр дундаа їйл явдал болгон хїний сэтгэлд ямар нэг дурсамж болон їлддэг шїї дээ. Тїїнтэй адил хийж байгаа уран бїтээл болгон маань ямар нэгэн өвөрмөц сэтгэгдэл їлдээдэг л дээ. Тэр бол їе їе бодолд ороход нэг их сайхан халуу дїїгсэн бахархмаар, бодохоос цээж тїрээд л, толгой эгц дээшээ хармаар тийм сайхан дурсамж сэтгэгдэл байдаг. Хааны сїїлчийн хатан киноны Гэнэнпил хатны дїрийг надад өгсөнд маш их баярлаж бодох бүр өөрөөрөө бахархаж омогшмоор сайхан сэтгэлийг үргэлж надад төрүүлж байдаг. Тухайн үед манай монгол киноныхон тийм өргөн цар хүрээтэй, томоохон түүхэн бүтээл хийгээгүй арваад жил болсон үе. Намайг анх кинонд орж байсан социализмын үед шиг олон мэргэжлийн хүмүүс тал талаас нэг дор цуглаад, яг л тогоотой цай даргилж байгаа мэт тэгэж бужигнаж, хөдөлж байхыг харах їнэхээр сайхан байсан. Уянгын киноноос Зүүдэнд ирсэн хонгорхон ижий кино сэтгэлд хүрсэн бүтээл болоо юу даа гэж боддог юм. Одоо ч гэсэн тэр киногоо үзээд өөрийн эрхгүй уйлдаг юм. Киноны дуу шүлэг нь надад зориулж бичсэн юм шїї дээ. Хүүхдийн тоглолттой хэсэг дээр дууны шїлэг аялгуу ороод ирэхээр хүний сэтгэлийн тэр нандин зүйлийг хөндөхгүй байхын аргагүй болж, кино минь улам л амилаад ирсэн. Энэ кинондоо тэнгэрлэг ээжийн дүрийг бага ч гэсэн харуулж чадсан болов уу.
Жинжиймаа гэхэд цаг үеийн талаасаа бид нарын доторх сэтгэлийн нандин учгийг жаахан ч гэсэн хөндөж, хїний нїднээс багахан ч гэлээ сувдан хэлхээ гялтагануулсан шїї дээ гэж бодохоор сайхан санагддаг юм. Энэ нь уран бїтээлийнхээ багийг зөв бїрдїїлээд, сэтгэл нэгтэй, гар нийлэн ажилласны үр дүн. Ерөөс кино чинь өөрөө хамгийн олон уран бїтээлчид оролцдог хамтын бүтээл шүү дээ. Хийсэн юм маань үнэхээр сэтгэлд хүрч, тэр нь ард түмнээс талархал хүлээнэ гэдэг бол хамгийн сайхан байдаг. Эргээд хийсэн бүтээсэн бүхнээ харах тоолонд ямар нэгэн хэмжээгээр алдаа оноогоо мэдэрдэг, түүн дээрээ суралцдаг.
-Та өөрийгөө тоож үзсэн дурсамж үе хэзээ байв. Yүнийг л би гайгүй бүтээчихлээ дээ гэж бодсон дүр бий юу?
-Тоож үзсэн гэхэд арай биш юмаа. Эх бүрдийн домог бол миний хэзээ ч эргэж ирэхгїй балчир насны дүр төрхийг хадгалаад үлдсэн болохоор би тэр киногоо үзэхээр нэг их сайхан шинэ эрч хүчийг олж авдаг. Гэрлэж амжаагүй явна кино болохоор их гоё дуутай, тэр үедээ л маш сайхан дуу байсан. Одоо шинэчлэгдээд янз бүрээр дуулдаг болж. Тэр үеийн дуулсан аяс намууханаар сэтгэлд хоногшоод их сайхан санагддаг.
Нэлээн их анхаарал тавьж ажилласан дүр бол Цагаан сүүний домог байсан. Намайг урлагт хөл тавьж дэлгэцэнд гарч ирэхэд Жигжидсүрэн найруулагч яах аргагүй тус болсон юм. Цагаан сүүний домог-ийн Монголжингоо хатны дүрд намайг урьж тоглуулахад би маш их баярлаж байсан. Хэдийгээр би гурван кинонд зэрэг тоглохоор болсон байсан ч энэ урилгыг дуртайяа хїлээж авсан. Их хїч хөдөлмөр гаргаж аминдаа л их хичээсэн. Тиймээс кино болгоныхоо дүрүүдэд би их хайртай байдаг.
Дэлгэцэн дээрээс эргээд харж байхад харьцангуй гайгүй болсон гэж тоосон дүрийг Жинжиймаа юм болов уу гэж боддог юм. Яагаад гэвэл найруулагч маань сэдвээ их сайхан олчихсон, дїр маань их сайхан, хамтран тоглогчид маань ансамбел сайтай, ерөнхийдөө алдаа багатай гэж болохоор юм уу даа.
-Таны тоглосон кино бїрийн дуу їнэхээр ард түмний сэтгэлд хїрсэн байдаг. Сувраган цэнхэр уулс, Гэрлэж амжаагїй явна, Зүүдэнд ирсэн хонгорхон ижий, Жинжиймаа гээд л киноны дуу болгон их сайхан. Таны дүр ч дуундаа сайхан таарсан байдаг. Энэ юутай холбоотой юм бол?
-Хїмїїс ярьдаг л даа. Жїжигчин хїн бїрд өөр өөрийн тохирох дїр гэж байдаг. Гадны найруулагч нарын яриаг сонсож байхад ч бас жїжигчин болгонд ампло гэж байдгийг зөвшөөрдөг юм билээ. Тухайлбал манайд нэг жїжигчин Ягаангажидын дїрд тохирсон байхад нөгөө нь уянгын дїрд тохирох бас нөгөө нь Молом занги, Исмэл тайжид илїї тохирсон байх жишээтэй. Yүнийг нь өөрчлөхөөр дрдээ наалдаж өгөхгүй, ард түмний сэтгэлд хүрдэггүй талтай.
Миний гадаад төрх, зан характер уянгын тал руугаа юм болов уу гэж боддог юм. Тиймээс анх найруулагч нарын нїдэнд миний дїр буухдаа л дээрх кинонд тохирно гэж їзсэн байх. Уянгын киноны нэг амин хэсэг нь яах аргагүй тохирсон сайхан дуу байдаг шүү дээ. Тэгэхээр миний тоглосон киноны дууны шїлэг аялгуу нь кинондоо тохироод хүмүүсийн ой тойнд тусаад, зүрхэнд нь хүрээд, дуучин маань ч сонсголонтой сайхан дуулсанаар дүрэндээ наалдаж чадсан. Ингэснээрээ хүмүүсийн сэтгэлд хүрсэн юм болов уу гэж боддог юм. Ингээд бодохоор уран бїтээл сайхан шүү.
-Таныг Монголын сайхан бүсгїйчүүдийн нэг гэж зүй ёсоор үнэлдэг. Тэгвэл таныхаар сайхан гэдэг юу вэ?
-Болж өгвөл бүх талаараа сайхан байвал гоё л доо. Нїїр нїд хүртэл чимэг болдог шүү дээ. Хүн анх хараад л сайхан хүн байна гэж бодох ч бий. Нүдэнд тороогүй хэрнээ яриа хөөрөө, түүнээс гарч байгаа сэтгэл, юманд хандаж байгаа хандлага зэргээрээ хүний сэтгэлийг татдаг хүн ч байдаг. Хүний сэтгэлийн сайхан, дотоод сэтгэлийн нигїїлсэл хүнийг тийм сайхан болгодог байх. Бага залуу байхдаа сайхан улсыг биширч хїндэтгэж, тийм байхыг хүсэж хичээдэг байлаа. Хүн ер нь сайхан хүнийг харж биеэ засаж явдаг шүү дээ. Сайхан гэдэг өөрөө сайхан байхаасаа илїї орчин нь хїмїїсийг сайхан болгож өгдөг. Намайг кино гэдэг гайхамшигт урлаг өдий зэрэгтэй їнэлэмжинд хїргэсэн. Хэрэв би кино жїжигчин болоогїй орчуулагч байсан бол ямархуу байх байснаа хэлж мэдэхгїй байна.
-Эмэгтэй хүнийг юу чимдэг гэж үздэг вэ?
-Эмэгтэй хүнийг гадаад үзэмжээр бол нүд, шүд хоёр чимдэг. Дотроосоо сэтгэл, үг яриа хоёр чимдэг байхдаа.
-Та жирийн жїжигчнээсээ кино бизнес рүү хөл тавих болсон, тэр ч утгаараа ажил хэрэгч байдаг байх. Жїжигчин байх, бизнес хийх хоёрын хооронд хэр ялгаатай вэ?
-Би Монголжингоо студийн захирлын алба хашдаг. Манай нөхөр Машбат найруулагчаа хийдэг. Нөхөр маань Бүх холбоотын театр урлагийн дээд сургуулийг улаан дипломтой төгссөн мэргэжлийн найруулагч хїн. Бид хоёр уран бүтээл хийхдээ Машка маань найруулаад, би өөрөө бусад зүйлийг хариуцдаг. Групптээ хэнийг тоглуулах, хэн хэнийг сонгох вэ, юу хэрэгтэй байна, одоо яах вэ гээд л нөхөртэйгөө зөвлөнө. Зохиолоо бариад жүжигчид, яруу найрагчид, хөгжмийн зохиолчид, дуучид гээд хїн хїн дээр очно. Хөдөө явлаа гэхэд зургийн даргатайгаа ярилцана. Хаашаа явах вэ, хэдэн гэр бариулах вэ, жїжигчний хувцас хунар, хоол унд хаанаас авах вэ, хэнтэй яаж гэрээ хийх вэ гээд л бүтэн киноны группт юу хэрэгтэй байна тэр бїх юмыг л хариуцдаг. Өөрөө кинод тоглохынхоо зэрэгцээ аж ахуйгаа хариуцаад явахад амаргүй л дээ. Манай киноныхон голдуу залуучууд, Цөөхөн хэдэн ахмадууд байдаг. Залуу хїмїїстээ бас зааж сургах том ажил байдаг. Ингээд бодохоор зөвхөн найруулагчийн заавраар тухайн дүрийг бүтээдэг жүжигчинээс, бүх л юманд нь оролцдог бүхэл бүтэн киног хийдэг уран бүтээлч байна гэдэг маш их хариуцлагатай хүнд ажил юм л даа.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Энэ жил цаг хугацааны хувьд нийгмийн байдал жаахан ороо бусгаа, хїмїїсийн анхаарал улс төрлүү чиглэсэн дээр дороо хөл толгойгоо олохгүй бужигнаж байна шүү дээ. Ийм үед нь хїмїїсийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх гэж хажуугаар нь чангаагаад байх нь тус багатай байсан. Нөгөөтэйгїїр үүнийг далимдуулаад амраад авъя гэж бодлоо. Тиймээс энэ жил уран сайхны кино хийсэнгїй. Кино хийхэд зардал мөнгөний асуудал тулгардаг. Бас уран бүтээл үзэгчдийн өмнө очих хүртлээ зохион байгуулж байгаа хїмїїс ямар ч зав зайгүй бїхий л хүч чадал, оюун ухаанаа кинондоо зориулдаг. Тиймээс нэг удаа ч гэсэн өөртөө зав чөлөө өгч амсхийж байна.
-Танд кинонд тоглох урилга ирж байна уу?
-Ирж байгаа. Гэхдээ одоохондоо кинонд тоглох бодолгүй байгаа. Гол нь киноны дїр нь санаанд багтсан боломжийн дїр байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр нэг хэсэг амрая гэж бодсон. Одоо өөрөө өөртөө жаахан чөлөө өгчихөөд л байж байна даа.
-Монголд Батцэцэгээс өөр жїжигчин байхгїй мэт, Батцэцэггүй кино гэж байхгүй боллоо гэсэн шүүмж гарч байсан. Та тїїнд ямар тайлбар өгөх вэ?
-Надад сайхан байсан. Яагаад гэвэл би ажиллаж чадсан, хийж чадсан. Цаашдаа ч эрчтэй хүчтэй ажиллаж улам ихийг хийж бүтээх болно гэж бодож байгаа.
-Монголын кино урлаг ямар тївшинд байна гэж та їздэг вэ?
-Їїнийг би хэлшгїй. Дангаар нь ч хэмжихийн аргагїй юм. Энэ нь Монгол улсын хөгжлийн төвшинтэй уялдаатай. Кино гэдэг салбар өөрөө хөгжлийн нэг эд эс нь. Өнөөдөр улс орны маань амьдрал ямар байгаа билээ. Хїмїїс театр луу очих нь багасаад, гэрээрээ home үideo, ТҮ каналаар хїлээж авах болжээ. Тэгэхээр їїнийг дагаад бид киногоо технижсэн тал руу хандуулахыг зорьж байна.
-Наадмаар та бөх сонирхов уу?
-Бөхийг бол сонирхоноо. Харин энэ жилийн наадмаар би бөх сайн харж чадсангїй. Сїїлийн хэдэн даваануудыг л їзлээ. Бөхөөс илїї морийг шимтэж сонирхдог. Эзэнгїй морь ороод ирэх юм уу, нүүр нь халтардчихсан жаахан юмнууд хар эрчээрээ морио шавхуурдаад ороод ирэхээр өөрийн эрхгїй дотор огшоод нулимс гараад ирдэг. Тэр л торгон агшинийг харж, сэтгэл хөдлөлийг мэдрэх сайхан шүүдээ
-Та манай olloo сэтгүүлийн уншигчидад хандаж юу хэлэх бол?
-Би Олны хүч оломгүй далай гэдэг үгэнд дуртай. Бидний хийж байгаа уран бүтээл үзэх үзэгчгүй бол юу болох билээ. Тиймээс бидний уран бүтээлийг үргэлж өнгөлж байдаг олон түмэндээ хотлоороо аз жаргалтай, баяр баясгалантай байгаасай гэж хүсэх байна.
-Баярлалаа

/olloo.mn/ Ж.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button