Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хэсгийг байгууллаа

Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, байрны зардлыг хийхээр хөдөөгийнхөн малынхаа махыг зөөгөөд ирэх цаг боллоо. Тэдний зарим нь тарваганы арьс, мах ч бэлдсэн байгаа. Манай оронд сүүлийн арван жилд тарваган тахлаар 69 хүн өвчилж, 29 нь амь насаа алдсан гашуун түүх бий. Тахлын улмаас нас барагчдын тоогоор бусад улстай харьцуулахад манай улс 8.3 хувь өндөр байдаг гэсэн тооцоог Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн мэргэжилтнүүд гаргажээ. Сүүлийн таван жилийн үзүүлэлтээр өмнөх таван жилийнхтэй харьцуулахад уг өвчнөөс болж нас барсан тохиолдол буурсан байгаа ч энэ өвчнөөр өвчилсөн үзүүлэлт өмнөх таван жилийнхээс 50 гаруй хувиар өссөн байгаа юм.
-Байгалийн голомтот нутагт тарвага зурам агнахгүй байх, түүнтэй холбогдуулан түүхий мах, дотор эрхтэн, халдваргүйжүүлээгүй арьсыг нийслэл УБ хотод хяналтын хугацаа буюу 2004 оны наймдугаар сарын 15-наас нааш оруулахгүй байхыг анхааруулж байна.
Монголчууд бид өөрсдийгөө орчин үеийн гэх бүх юмыг монголчлоод сурчихсан гэдэг. Энэ нь таныг эрсдлээс хамгаална гэсэн үг биш юм. Анчин та 1-2 тарвага багтах ямбуу даавуугаар хийсэн уут, өөрөө өмсөх комбинзон, амны хаалт, резинэн бээлий, тарваганы бүүрэг, бөөсийг устгадаг хорыг бэлтгэн авч явах хэрэгтэй юм. Агнасан тарвагаа уутандаа хийсний дараа хорнуудаасаа хийж уутны амыг бооно. 20-30 минут болоход бүүрэг, хачиг бөөс үхдэг байна. Ингэснээр та тарваган тахал өвчний халдвар авах магадлал 40 орчим хувиар буурдаг юм. Ховд нутгийн алаг даага гэх зэрэг амьтад хүртэл өнгөрсөн жил тарваган тахал тусч байсныг мэргэжилтнүүд судлан тогтоож байжээ. Энэ өвчнийг нийслэл УБ хотод оруулахгүйн тулд нийслэлийн Гамшгаас хамгаалах штабын ажлын хэсэг долдугаар сарын 25-наас эхлэн Буянт-Ухаа болон УБ төмөр замын буудалд хөдөлгөөнт эргүүлүүд ажиллуулж байна.
/MN-25/