Цахилгаан хэрэгслүүд шатах нь сонгуультай холбоотой юу

Тогны хүчдэлээс болж телевизор болон хөргөгчөө шатаасан айлууд цөөнгүй байдаг байна. Зуны халуунд цахилгааны хүчдэл хүрэхгүйн улмаас хөргөгч нь ажиллахгүй учир мах, сүүгээ өдөр өдөрт нь зөөж, эсвэл үнэр орсон махтай хоол идэх тохиолдол гарч байна гэж иргэд гомдоллож байлаа. Гэрлээ асаахад чийдэн нь лааны бүүдгэр гэрлийн дайтай утас нь улайж харагддаг гэнэ.
Тус хороонд УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Бадамжунай гэрэл цахилгаан болон усны асуудлыг долдугаар сарын 1 гэхэд шийдэж өгнө гэж амлажээ. Хэдий гэрлийн шон босгоод, шинэ худаг барьж өгсөн ч энэ нь одоо болтол ашиглалтад ороогүй байгаа гэнэ. Иргэд удаа дараа холбогдох байгууллагуудад хандаад байгаа ч зохих хариулт аваагүй байна. Цахилгааны хөлсөө бичихээр ирсэн байцаагчаас лавлахад дараагийн долоо хоногоос шийдэгдэнэ гэж иргэдийн амыг таглаад өнгөрдөг байна. Хэрэв та нар 25.0 төгрөг өгчих юм бол бид залгаад өгнө гэсэн хариултыг ч өгдөг гэж иргэд ярьж байлаа. Амлалтаа биелүүлэхийг харсаар суугаа иргэд энэ асуудлаа шийдэж өгөөч гэж хүсч байгаа юм.
Бид энэ асуудлаар Сонгинохайрхан дүүргийн эрчим хүчний газраас тодруулахад манай станцуудын хүчин чадал хүрэлцэхгүй байна. Шинэ станц тавьсан, үүнийг шийдвэрлэж байгаа. Сүүлийн шатандаа явж, хамгийн цаад хугацаа нэг сарын дотор ашиглалтад орчих байх гэлээ. Гэхдээ тогны хүч муу байгаа нь иргэд залгаж болохгүй гэсэн газраас зөвшөөрөлгүй тог салаалан авч ийм асуудал гарч байна гэж албаныхан тайлбарлаж байлаа. Мөн Хамбын овооны хойд задгайн айлуудад газрын зөвшөөрөл олгоно гэж холбогдох албаныхан буулгасан ч тогны асуудал дээр шинэ станц тавьсан тохиолдолд тэд цахилгаантай болно гэж ярьж байлаа.
/MN-25/