Бохироос болж халдварт өвчин гарах нь ихэслээ

Зөвшөөрөлгүй буусан айлууд үерт өртсөний дараа нийслэлийн байнгын онцгой комиссынхон хуралдаж аюулд учирч болзошгүй газарт зөвшөөрөлгүй буусан айлуудыг яаралтай нүүлгэх үүргийг дүүргүүдийн удирдлага, мөн гамшгийн штабуудад өгчээ. Зөвшөөрөлгүй айлууд ихэнх нь хувьдаа малтай байдаг. Эдгээр айлуудын мал хотын ногоон бүсийг сүйтгэхээс гадна малаа вакцинд хамруулдаггүй мөртлөө бүтээгдэхүүнээ зарж борлуулдгаас халдварт өвчин гарах магадлал өндөр байдаг гэнэ.
-Энэ нь ямар хор холбогдолтой юм гэхээр тэрүүгээр байгаа ил задгай муу усны нүх, жорлонгийн нүхнүүдийг их хэмжээгээр урсгаж газрын хөрсийг бохирдуулсан байна. Yүнд дүүргийн зүгээс 2 машин, 16 хүн ариутгалын бодис явж ажиллуулсан боловч энэ нь бүрэн цэвэрлэгдсэн гэх найдвартай үндэслэл тун бага. Одоогийн байдлаар энд мал бүхий иргэд сүү, цагаан идээгээ боловсруулж зарсаар байна. Тэгэхээр ард иргэд үүнээс сэрэмжилж эдгээр айлаас сүү, цагаан идээ, малын гаралтай түүхий эд авахгүй байх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй.
Яргайтад 21 өрх айл байснаас 17-г нь нүүлгээд байгаа бөгөөд үлдсэн 4 айлыг албадан нүүлгэхээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн тасаг, Замын цагдаагийн тасаг, Мал эмнэлгийн газрын албаны ажилтнуудын хамтарсан хэсэг өнөөдрөөс томилогдон тус газар ажиллаж байна.
/MN-25/