Монголын хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монголын хөлбөмбөгийн үндэсний лигийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээний нэгдүгээр хэсгийн тоглолтууд өндөрлөж, өчигдөр хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт боллоо. Хоёр тойргийн дараа лигийн аварга шалгаруулах тэмцээнд тоглож буй зургаан багаас Өдрийн од баг нэг ч хожигдолгүй 16 оноотой тэргүүлж байгаа бол Хоромхон баг 13 оноо, Хангарьд баг 8 оноотой, Мазаалай баг 7 оноотой араас нь бичигдэж байна. Харин мэргэн буучдаас Хангарьд багийн тоглогч Баярзориг 9 бөмбөгийг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж одоогоор тэргүүлж байгаа бол Өдрийн од багийн тоглогч Гэрэлт-Од 8 гоол, Хоромхон багийн тоглогч Төгсбаяр, Пүрэвсүх, Өдрийн од багийн тоглогч Ганболд нар таван гоолтой эхний тавд бичигдэж байна. Наймдугаар сарын 3-ны өдөр хэсгийн тоглолтууд өндөрлөж, наймдугаар сарын 5-7-ны өдрүүдэд хагас шигшээ тоглолтууд явагдаж, харин наймдугаар сарын 13-ны өдөр аваргын төлөөх тоглолт болж ес дэх удаагийн лигийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.
Лигийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Герман улсын дасгалжуулагч, Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагч нарт онол-дадлага хосолсон 21 хоногийн сургалт-семинарыг зохион байгуулж байна. Энэ семинарт хот, хөдөөгийн 25 дасгалжуулагч хамрагдсан байна.
/MN-25/