Талхны үнийг 20 төгрөгөөр нэмлээ

Талхны үнийг хэдэн төгрөгөөр өсгөх гэж буй талаар Талх чихэр компаний маркетинг хариуцсан захирал Л.Янжингаас тодруулав.- Зах зээлийн байдалтай уялдан бүтээгдэхүүнийхээ үнийг нэмхээс аргагүйд хүрч байна. Бид үйлдвэрийн ашгийг бодоогүй. Зөвхөн талхны өөрийн өртөг, зардлыг нөхөх, улмаар компаниа дампууруулахгүйн тулд ийм алхам хийж байгаа юм. Yнэ нэмэх тухай асуудал өнөөдөр гарч буй юм биш. Өнгөрсөн жил гурилын үнэ өссөнийг хүн бүхэн мэднэ. Энэ жил УИХ-ын сонгууль болох учраас тахны үнийг өсгөж хэрэглэгчдийг хямрааж улс төржүүлээд яахав гээд азнасан. Одоо бол бүтээгдэхүүний үнийг нэмхээс өөр арга байхгүй.
– Тэгээд хэдэн төгрөгөөр нэмэх гэж байна?
– 20 төгрөгөөр. Yйлдвэрээс борлуулах цэгүүдэд нийлүүлэх манай үнэ 270 төгрөг байгаа. Одоо 290 төгрөг болно гэсэн үг. Бид өөрсдийн унаагаар бүх цэгт хүргэж өгдөг. Зарим дэлгүүр талхны үнэ дээр 5-10 төгрөг нэмж зардаг. Нөгөө хэсэг нь үйлдвэрийн үнээр борлуулдаг юм билээ. Манай компани талхаа удахгүй шинэ үнээр нь худалдаж эхэлнэ.