Шахаа

Яагаад УИХ-ын даргыг сонгож чадахгүй бйна вэ? Энэ нь суудал нь Ерөнхий сайдын сэнтийнээс чухал болоод л тэр. Парламентын дарга нь Ерөнхий сайдаа захирдаг. Тийм болоод ч МАХН Н.Энхбаярыг санал болгосон даруйд нь бтаалчихаж чадахгүй тээнэгэлзсээр байгаа бололтой. Хэрвээ Намбарын хүүг УИХ-ын дарга болгочихвол М.Энхсайханыг Ерөнхий сайдын суудал хүлээж байгаа. Гэвч тос дотроосоо өтдөг шиг түүнийг Ерөнхий сайд болохыг хүлээн зөвшөөрөхгүй фракц эвсэлд бий. Өнөөгийн МАХН болон Эх орон-Ардчилал эвслийн лидерүүдийг гудамжинд лааз өшиглүүлж хөрсөн дороос нь огт өөр шинэ бүлэглэл үүсэхээр өндөлзөж эхэлжээ. Намын үзэл бодлоор зааглагддаггүй зөвхөн ашиг сонирхлын төлөө нэгдэх гэсэн тэд эвлэрдэггүй хоёр намыг зөвшилцлийн ширээний ард суулгаж дөнгөв. Өөр замыг сонгосон бол араасаа түрэн ургаж буй ашиг сонирхлын нэгдлүүдэд байр сууриа алдаж мэдэхээр байлаа. Мөн чанараараа буй болж хараахан чадаагүй байгаа боловч толгойгоо өндөлзүүлж буй тэд Монголын хоёр том улстөрийн субъектыг ийн шахаанд оруулжээ.
УИХ-ын даргыг ямар ч үнээр хамаагүй авахын тулд МАХН эвсэлд Санхүү, эдийн засгийн яамыг ч бас санал болгожээ. МАХН-ын хувьд УИХ-ын дарга хийгээд Засгийн газраа эмхлэн байгуулах зэрэгт голлон тоглогчийн үүднээс хандаж байгаа нь илэрхий боллоо.
МАХН зөвхөн сонгуулийн будлиан яриад хол явахгүй гэдгээ цагаа олж мэдэрсэн. Ард түмэн шинэ гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулж, Засгийн газраа байгуулахыг хүсч буйг тэд анзаарч чадсан. Ингээд Ерөнхийлөгч л хууль зөрчөөд, Эх орон-Ардчилал эвсэл будлиан хутгаад байсан болохоос бид зөвшилцөхийг хүссэн. МАХН ард түмний сонголтыг хүндэтгэв хэмээн эвгүй байдлаас эвтэйхэн мултарч чадав. Гэхдээ энэхэн хооронд УИХ-ын сонгуулийн 24, 59 дүгээр тойргуудын дүнг хүчингүй болгож шүүхээр шийдүүлсэн ч дахин давж заалдах нэрийдлээр эвслээс хоёр тойргийг түдгэлзүүлж дөнгөв. Хэн нь хууль зөрчөөд байгаа нь тодорхой асуудлыг шийдэхийг цааргалах нь эрх баригч хүчинд л ашигтайгаар тусна. Иймэрхүү хормойгоо чирсэн аргаар цаг хожих хүсэл тэдэнд байх шиг.
Одоо намуудын харьцаа 36+34+3+1 болсон. Ийм ашигтай үед Засгийн газрыг байгуулахад МАХН илүү судалтай гэдгээрээ түрий барьж давуу эрх эдлэхийг оролдож байгаа. Тэгээд ч эвслийг шахаанд оруулж байгаа нь өдгөө мэдэгдэж эхлэв. Гишүүд тангараг өргөхөөс өмнө МАХН-ын зүгээс Танайх 24 дүгээр тойргоо ав. Харин манайд 59-өө өгчих гэсэн санал тавьсан юм билээ. Эвсэл зөвшөөрөөгүй. Тэгэхээр дараагийн нүүдлээ хийж СЕХ-нд Засгийн гарыг байгуултал хоёр тойргийн асуудлыг бүү шийд гэсэн үүрэг өгчээ. Энэ тухай СЕХ-ны нэгэн эрхэм санамсаргүй ам алдсан юм. Гомдол гаргасан тойрог бүрийг хүчингүй болгож гялалзтал ажиллаж байсан СЕХ өдгөө явсан нь мэдэгдэхгүй гөлийж орхисон нь үүнийг батална. Эх орон-Ардчилал эвслийн хамгийн эмзэг газар бол яах аргагүй дээрх хоёр тойрог. Түүнийг алдвал цөөнх болох хувь заяа тэднийг тосож байгаа юм. Зөвшилцөөн буюу шахаанд байгаа энэ үедээ эвсэл Н.Энхбаярыг УИХ-ын даргад зүтгүүллээ ч Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай. Тэгвэл дахиад л өчнөөн хоног зөвшилцөх хэрэг гарна. Энэ мэтээр хугацаа хожсоор хуулинд заасан 45 хоногийг барж УИХ өөрөө тарах нөхцөл рүү МАХН эвслийг шахсаар байна.
/Өдрийн сонин, 2004. 07.29, 187/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button