Зарим гишүүд өрөөгөө голж байгаа сурагтай

Байнгын хорооны дарга хоёр тасалгаа бүхий өрөөнд суух эрхтэй. Гэтэл одоо байнгын хороодыг хэн хэн даргалах нь тодорхой биш байдаг. Тийм учраас ийш тийш тавилгаа зөөж гүйлдэх нь илүү ажил гэж үзсэн бололтой. Бүрэлдэхүүн тодорсны дараа жинхэнээсээ нүүдэл болох гэнэ. Гэсэн хэдий ч тамгын газрынхан шинэхэн гишүүдээсээ багагүй зэм хүртэж буй бололтой. Зарим гишүүд өрөөгөө голж засвар хийх шаардлага тавиад байгаа бол бизнесмэн гишүүд Лаосын алдарт улаан модон тавилгыг нүд үзүүрлэж өнөөх тансаг оффис шигээ уужим, нар салхи байнга үздэг өрөө нэхэн сандаргаж байгаа юм байх. Хэдийгээр түр байрлаж байгаа ч зарим гишүүнд их учир, тохиолтой өрөө таарчээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Гансүх нэг тойрогт өрсөлдөж ялсан УИХ-ын гишүүн асан Б.Баттулгын өрөөг залгамжлан авч, Н.Болормаагийн өрөөнд Г.Батхүү ажлаа эхэлсэн бол хоёрдугаар давхрын нэгэн даруухан өрөө экс Ерөнхий сайдуудад их л ээлтэй бололтой. П.Жасрайгийн өрөөнд Р.Амаржаргал нүүн оржээ.