Нийслэл хэзээ байгуулагдсан бэ?

Нүүдэлчид нэн эрт үеэс Орхон голын хөвөөнөө нийслэлддэг байв. Уйгар, Хиргис, Хятаны нийслэлийн туурь балгас хожим Монгол гүрний нийслэл байсан Хархорум хотоос холгүй газруудад олдсон юм. Бага хаадын үед Түшээт хан Авдай сэцэн Төвдөөс шашин залж хуучин Хархорумын буурь байсан газар Эрдэнэ зууг байгуулжээ.
Авдай сэцэний ач хүү, Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Жавзандарнатын хойд дүр хэмээн Халхын анхдугаар Богдоор тодруулах ёслолын ажиллагаа өнөөгийн Архангай аймагт болсон байна. Зарим түүхчид чухам энэ ёслолын ажиллагаанаас болж одоогийн Улаанбаатар төрсөн гэж үздэгээс болж манай нийслэл 1991 онд гэнэт 250 жилээр хөгширсөн билээ. Yнэндээ ёслолын ажиллагаа хээр уулын аманд болсон ба тэнд хожим ямар ч хот балгадын туурь босоогүй, эзгүй хээрээрээ үлдсэн бөлгөө.
Тухайн үедээ Өргөө, хожим Хүрээ, тусгаар тогтносон Монголын үед Нийслэл Хүрээ хэмээн нэрлэгдэж байсан Улаанбаатар маань юутай ч ямар нэг гэр балгас төвлөрлөөс үүссэн байх учиртай. Энэ нь юу байж болох вэ?
Авдай сэцэн хан Төвдөөс Гомбогүр бурхан залж шашин оруулж иржээ. Төвдийн шашин нь дотроо нямапа, сажапа, гармаапа, гэлэгпа гэх мэт олон урсгалтай, дотроо нэлээд зөрчилтэй, биенээ хүлээн зөвшөөрдөггүй билээ. Гэлэгпа буюу шарын шашныхан Төвдийн эрх мэдлийг авч Далай лам төр толгойлох болсон үе нь 1600-гаад оны үе. Харин Авдай сэцэн Төвдөөс сажапагийн шашин залж түүний дүрэм жаягаар Эрдэнэзууг босгосон байна. Хожим Занабазарын үед Монголд Төвдийн гэлэгпа буюу шарын шашин ноёлж сажапаг бүрэн шахжээ. Анхдугаар Богдыг буруу номын Эрдэнэзууд залж болохгүй байлаа. Иймээс Эрдэнэзуугаас нэлээд хэдэн км-ын урд Шанхын хийд хэмээх Монголын анхны шарын шашны сүм барьсан байна. Чухам энэ л манай өнөөгийн нийслэлийн эх суурь болов уу.
Өргөө нь Богдын суудаг суурин. Нүүдэлчдийн суурин мөн нүүдэг учир Өргөө хот Орхоны хөндийгөөс 20 гаруй удаа зүүн тийш нүүсээр 1855 онд Туулын хөвөөнөө ирлээ. Yүнээс хойш ч гол уруудаж өгсөн нэлээд нүүсэн байдаг.
/Шинэ эрин сэтгүүл, 2004.05 сар/