Монгол хөөрөг

Монгол хөөрөг ч гэсэн хятад хөөрөгнөөс өвөрмөц юм. Харин төвдүүдийнхтэй төстэй. Хятад хөөрөгт нас, дотроос хийсэн хээ, хэн гэдэг мастерийн хийц зэрэг нь голлох үүрэгтэй байхад монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, нэн ялангуяа толгойн хийц үнэ цэнийг тодорхойлно. Мөн уг хөөргийг ямар алдартай төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаан барьж байсан зэрэг нь ч үнэнд нөлөөлдөг.
Хөөрөг нь эхэндээ лам нар, хутагт хувилгаад, төрийн зарим дээд албан хаагчдын хэрэглээ байв. Хожим шашин сүм хийдийг устгах үеэр үнэ цэнээ алдаж, дэлхийн хоёрдугаар дайны үеийн ховор хомс өдрүүдэд хөөргийг хага цохин хэлтэрхийг нь цахиур болгон ашиглаж гал гаргах явдал ч байлаа.
Монгол хөөрөгний гол материал нь мана, чүнчигноров, хаш, болор хагас үнэт болон ховор чулуулаг байдаг. Мөн шүрэн хөөрөг ч бий. Хөөрөгний шүрэн толгой нь үнийг голлон тодорхойлогч болдог.
1990-ээд оноос үндэсний ухамсар сэргэхтэй давхцан хөөрөгний хэрэглээ сэргэж, төрийн дээд албан тушаалтан, мянгат малчид, хурдан морь уядаг уяачид, бизнесмэнүүдийн нэг хэрэглээ болон хувирлаа.
/Шинэ эрин сэтгүүл, 2004.05 сар/