Хайнан бол цэнгэлийн орон

Хайнан нь Хятадын хоёр дахь том арал бөгөөд Тайландын дараа орно. Энэ арлыг хүрээлсэн далайн ус нь болор мэт тунгалаг бөгөөд 20 м-ийн гүн дэх зүйлийг ч харж болно. Далайн усны дундаж температур 18С-30 С. Ийм нөхцөл нь жилийн ямар ч үед усанд сэлэх, усан аялал хийхэд нэн тааламжтай. Түүнчлэн Хайнан халуун рашаанаараа алдартай. Хайнаны рашаан цусны даралт, үе мөчний өвчин, арьс өнгө, мэдрэлийн ядаргаа тайлах увидастай.
Хайнан арлыг ганцхан үгээр Ногоон гэж хэлж болно. Уг арал 34.000 км2 нутаг дэвсгэртэй бөгөөд түүний 53 хувь нь ой модоор бүрхмэл юм. Хайнаны өмнөд эрэг цагаан элсээр хучигдмал бол хойд эрэг нь дал модоор бүрхэгдмэл.
Хайнаны бэлэг тэмдэг нь Wuzhis-han уул, Wuzhishan бол тус арлын төв хэсэгт орших хамгийн өндөр уул. Нэрийг хятадаар Таван хуруут уул гэж үгчилдэг бөгөөд алсаас харахад яг гарын таван хуруу мэт харагддаг байна. Ноён оргил нь далайн түвшнээс дээш 1867 метр өндөрт орших бөгөөд оргилд нь гарвал үүлэн дээр гарсан мэт сэтгэгдэл төрдөг аж.
Хайнан арлын нэгэн чухал газар нь Вао юм. Ваод гурван том гол нийлж Wanguan мөрнийг үүсгэн Хайнан дундуур урссаар далайд цутгадаг. Ваод Qionghai гэдэг хот бий. Энэ хот 43.000 хүн амтай. Тэнд олон улсын Азийг хөгжүүлэх чуулган бодог бөгөөд 2001 оны хоёрдугаар сард анхдугаар, 2003 оны арваннэгдүгээр сард хоёрдугаар чуулган нь болж өнгөрчээ. Түүнчлэн Хайнанд олон улсын наргил модны самрын баяр, ли, миаочуудын гуравдугаар сарын 3-ны баяр, Шинкогийн үндэсний баатруудыг шалгаруулах наадам зэрэг олон өвөрмөц баяр ёслол болдог байна.
Хайнан арлын төв хэсгээр аялахад зурган дунд яваа мэт сэтгэгдэл төрдөг юм. Төв хэсэг нь уул хад, ус мөрөн, ургамал амьтнаар хосгүй баян бөгөөд уугуул үндэстэн ли, миао нарын урц, сууц, урлал, эдлэл, эртний сүм хийд, бугын ферм зэрэг нь жуулчдын анхаарлыг гойд татдаг байна.
Хайнан арал бол сувд, эрдэнэсийн чулууны уурхай. Мөн наргил модны самрын шүүс, хатаасан болон шарсан жимс, кофе, чинжүү, халуун ногоо үйлдвэрлэж экспортолдгоороо дэлхийд алдартай.
Тэнд очсон хэн бүр усанд ч, гадаа талбайд ч спортоор хичээллэх өргөн боломжтой. Усанд сэлэх, шумбах, загасчлах, завиар аялах, давалгаан дээр гулгах зэрэг нь цөм таны хэрэг. Мөн далайн эрэг дээр элсний волейбол, газрын теннис, явган аялал, мотоспорт, ширээний теннис, биллярд, боулинг, гольф тоглож болно.
/Миний монгол сэтгїїл, 2004.04 сар/