Эвслийн гишүүд өдөр бүр мэдээлэл хийнэ

Нам, эвслийн зөвшилцөл хуулийн хүрээнд нааштай явагдаж байгаа ч УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх талаар тодорхой нэр ярилцаагүй. Товчхондоо хэнийг ямар албан тушаалд томилох тухай асуудлыг хэлэлцэж эхлээгүй. Харин хамтран байгуулах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, яам агентлагуудын зохион байгуулалтын талаар саналаа харилцан солилцож байгаа. Түүнчлэн Yндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахад аль намын ямар хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тодорхой ярилцах ёстой. Тийм учраас зөвшилцөлд багагүй цаг хугацаа шаардагдаж байна гэж УИХ-ын гишүүн С.Ламбаа сэтгүүлчдэд мэдээллээ.
-Эх орон-Ардчилал эвсэл МАХН-ын бүлгийн хооронд өнөөдрийн байдлаар гурван удаа бичиг солилцоод байж байгаа. Зөвшилцөл хийх тухай. Энэ зөвшилцлийн хамгийн сүүлчийн бичиг нь Эх орон-Ардчилал эвслээс МАХН-д өгсөн. Энэ нь ямар агуулгатай бичиг байсан гэхээр ер нь зөвшилцөнө гэдгээ зөвшөөрсөн тохиолдолд, харилцан зөвшөөрөлцсөн нөхцөлд л гэсэн агуулгаар юмаа ойлгож авъя гэсэн үндэслэлээр албан тоот өгсөн. Нөгөө талаас өмнө нь тавьсан УИХ-ын болон Засгийн газрын бүтцийг харилцан тэгш эрхтэйгээр хамтран байгуулах асуудлаа тавьсан. Өнөөдөр хариу нь ирэлгүй хоёр хонож байна.
Эх орон-Ардчилал эвслээс сонгогдсон гишүүд бүлэг байгуулах тухай ярилцаж эхэлжээ. УИХ-ын дарга сонгогдсоноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулах журамтай тул цагийг нь тулгалгүй энэ асуудлыг шийдэж эхэлсэн байна. Эвслийн гишүүдийн санааг хамгийн ихээр санаа зовоож байгаа зүйл нь маргаантай байгаа тойргуудын асуудал юм байна. Тэд 36 тойрог дээр ялалт байгуулсан гэж үзэж байгаа бөгөөд СЕХ-г хэтэрхий улстөржсөн, нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулж байна гэж шүүмжилжээ. Тиймээс бүрэн эрх нь хэрэгжээгүй байгаа хоёр гишүүнийхээ тангараг өргөх өдрийг хүлээж байгаа юм байна.
-Тойргийн асуудлыг хэлэлцэх болсон шалтгаан бол Монгол Улсын СЕХ-ноос нэр дэвшигч Сугарын гомдлоор дахин энэ асуудлыг авч хэлэлцэх тов зарлагджээ. Yүнтэй холбогдуулж өнөөдөр манай бүлэг энэ асуудлыг хэлэлцээд тодорхой асуудлаар СЕХ-нд хандлаа. Яагаад гэвэл нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан энэ асуудлыг СЕХ долдугаар сарын 5-наас хойш ямар нэгэн гомдол авахгүй гэж шийдвэр, протокол гаргасан мөртлөө дахин 11 хоногийн дараа ийм гомдол хүлээн авч дахин хэлэлцэх болсныг эсэргүүцэж Эх орон-Ардчилал эвслийн УИХ-ын гишүүд гарын үсэг зурсан албан тоотыг СЕХ-нд явуулж байна.
/MN-25/