Гурван бөх жюүрёод дэвшлээ

Дээрх гурван бөхөөс хамгийн их анхаарал татаж буй нь Нижуяма дэвжээний Хакурозан. Тэрбээр ирэх башёгоос макүүчи зиндаанд дэвшин барилдах болсон ОХУ-ын бөх Рохогийн дүү юм. Тэд ийнхүү сэкитори цол хүртсэн гадаадын анхны ах дүүс болов. Мөн сүмогийн түүхэн дэх сэкитори болсон 17 дахь ах дүүс аж.
Эдүгээ 189 см өндөр, 139 кг жинтэй Хакурозаныг сүмогийн зарим мэргэжилтэн ирээдүйн ёкозүна гэж тодорхойлж байна. Сэкитори болсондоо баяртай байна. Ах маань дөнгөж саяхан баяр хүргэлээ. Бид хамтдаа Вака-Така шиг сайн ах дүү бөх болмоор байна. Миний мөрөөдөл бол аваргын төлөө барилдаанд ахтайгаа барилдаж ялах гэж Хакурозан ярьсан байна.
Жюүрёод дэвшиж буй хоёр дахь бөх бол есдүгээр сараас Вакакирин нэрээр барилдах гэж буй Ошигава дэвжээний Сузукава юм. Гурав дахь бөх нь макүүчи зиндааны маэгиширагийн есөд бичигдсэн Аминишикигийн дүү Асофүжи. Тэрбээр жюүрёод хоёр дахиа барилдах гэж буй нь энэ.
/Өнөөдөр, 2004. 07.30, 177/