XIY Далай лам Би буддын шашинтай гэр бүлд дахин төрөх болно

Түвд ертөнцөөс тасарчихсан байхад түүний тухай дэлхийн хүн төрөлхтөн бараг мэддэггүй байсан. Уулархаг нутагтай гэдгээс цаашгүй. Өнөөдрийг хүртэл Түвдийн тухай үнэн бодит мэдээлэл маш хомс. Хятадын эрх баригчид улс төрийн шинжтэй, үнэнд нийцэхгүй мэдээллийг нийтэлдэг. Гэхдээ саяхныг хүртэл Орос ч гэсэн ертөнцөөс тасархай байсан шүү дээ. Одоо бол дэлхий даяараа Түвдийн соёл, түүх, байгалийг ихэд сонирхох болсон. Хятадын шинэ үеийн сэхээтнүүд ч Түвдийн асуудалд өөрөөр хандаж байна. Хэрвээ бид хүний амийг хороодог байсан бол хэн ч дэмжихгүй.
-Сүүлийн жилүүдэд дэлхий дахины байдал улам ээдрээтэй боллоо. Зарим улс төр судлаачдын үзэж байгаагаар дэлхийд дайны шинэ үе эхэлчихсэн. Та Нобелийн энх тайвны шагналтны хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Дэлхий жижигхэн болж байгаа гэдгийг юуны өмнө хэлмээр байна. Нэг газар нь дайн гарлаа гэхэд яг л ДОХ шиг бусдад нь эдийн засаг, байгалийн хямрал нүүрлэдэг. Дэлхий маань улам нягт болсныг хүн бүр ойлгож байна. Хажууд байгаа хүнээ ойлгох, бусдын үзэл бодлыг хүндэтгэх нь өнөө үед юунаас ч илүү чухал болж байна. Хүний эрхийг хамгаалах нь улам боловсронгуй болж байгаа. Хоцрогдсон омгууд хүртэл өөрийнхөө соёлыг хадгалан авч үлдэх эрхтэй болсон. Соёл нь төдийлөн өндөр биш ч гэсэн эрх нь хязгаарлагдахгүй. Хэдийгээр сул талтай ч гэсэн ардчилал гэдэг бол хамгийн сонгодог тогтолцоо. Ардчилсан нийгэм байгуулахыг эрмэлзэж байгаа бол мэдээллийг чөлөөтэй байлгах нь зүйтэй. Гэхдээ сэтгүүлчид хааяа энэрэнгүй байхаа мартаж аливаа зүйлийн сөрөг талыг нь харуулахыг боддог. Жишээ нь Дели, Нью-Йорк, Мадрид, эсвэл Москвад эмгэнэлт явдал боллоо гэхэд ихэнх нь үүний золиос болсон хүмүүс яаж байгаа бол хэмээн санаа нь зовдог биз дээ. Муу юмны тухай бүх үнэнийг нь бичих хэрэгтэй. Гэхдээ муугаас сайн руу гарах гарцыг нь зааж өгөх нь зүйтэй. Хүмүүс ирээдүйдээ итгэлтэй байх ёстой. Гэтэл хүмүүс телевиз, сониноос зөвхөн хүчирхийллийн тухай уншиж мэдээд дэлхий ертөнц улам аймшигтай болж байна хэмээн боддог. Энэ нь худлаа. Дэлхий маань улам энэрэнгүй, сайхан болж байгаа гэдгийг би мэдэрч, мэдэж байна. Хэрвээ муудаж байсан бол хүн төрөлхтний төлөө ингэж санаа зовохгүй байсан. Чин үнэнээ хэлэхэд дэлхий улам аймаар болж байгаа гэдэг нь худлаа.
-Гэгээнтэн, та зурагт үзэж, интернэт ашигладаг уу?
-Миний бодоход интернэт бол маш хэрэгтэй зүйл. Ямар ч хил хязгааргүй, мэдээлэлд хяналт тавьдаг оронд ч чөлөөтэй. Гэхдээ би өөрөө интернэт хэрэглэдэггүй. Зурагтаар бол мэдээллийн хөтөлбөр, байгаль, ан амьтны тухай нэвтрүүлэг үзэх дуртай. Байгалиас хүн маш олон хэрэгтэй зүйлийг сурдаг.
-Өнөөдөр хүчирхийлэл, харгислалыг номлодог болоод байна. Гэтэл хайрлаж өрөвдөх, энэрэнгүй хандахыг Буддын шашин л номлодог. Энэ нь уг шашин хоцрогдсоных юм болов уу. Эсвэл Буддын шашин ертөнцийг аврах юм уу?
-Нэг энгийн дүрэм байдаг. Аливаа зүйлийг хийхдээ бусдад ямар зовлон шаналал авчрахыг үргэлж бодох хэрэгтэй. Би гурван зарчмыг баримталдаг. Нэгдүгээрт, би ертөнц дээр амьдарч буй хүн. Хүн гэдэг бол хамгийн их өндөр хөгжилтэй амьтан. Бид оюун ухаанаараа амьдралын дүрмийг бий болгож байна. Гэвч хүнд сөрөг зүйлүүд нөлөөлдөг тул түүнийгээ удирдаж эерэг шийдвэр гаргадаг байх ёстой. Тиймээс бусдын төлөө санаа зовдог, зовлонгий нь ойлгодог байх нь үндсэн шинж чанар нь болох ёстой. Бие биедээ санаа тавьдгийнхаа хүчээр амьд явдаг амьтан ч байдаг шүү дээ. Гэхдээ жишээ нь мэлхий өндгөө гаргачихаад орхичихдог. Гэтэл хүний хүүхэд олон жилийн халамж шаарддаг. Хүн бусад амьтнаас илүү анхаарал халамж шаарддаг. Хүмүүс бие биедээ татагддаг. Эс тэгвээс тэд амьд явахгүй. Энэ нь цаг үеэс үл шалтгаалах гүн ухааны гол үндэс суурь, түлхүүр нь. Миний хамгийн түрүүнд баримталдаг зарчим энэ. Хоёрдугаарт, би бол Буддын шашинтай хүн. Би шүтлэгтэй хүний хувьд түүний номлож буй сургаалийг хариуцна. Гуравдугаарт, би төвд хүн. Түүгээр зогсохгүй би Далай лам. Эх орон болон хилийн чанадад амьдарч буй төвдүүд надад ихээхэн найдвар тавьдаг. Тиймээс тэдний өмнөөс хариуцлага хүлээх бөгөөд чадлынхаа хэрээр тэдэнд хүчин зүтгэх болно. Гэхдээ би аажмаар энэ бүхнээс холдох болно. Чамгүй насыг насалсан тул дараагийнхаа аянд бэлтгэх ёстой.
-Та заавал Түвдэд дахин төрөх үү? Бусад оронд, жишээ нь Орост төрөх боломжтой юу?
-Түвд, Хятадын дарангуйлалд байгаа цагт би эхэ орондоо дахин төрөхийн аргагүй. Гэхдээ ямар ч байсан буддын шашинтай гэр бүлд дахин төрөх болно. Орост ч байж магадгүй. Урьд нь Далай лам Монгол, Энэтхэгт төрдөг байсан. Эмэгтэй хүн болон төрж ч магадгүй.
-Тэгвэл би танд Оросын залуучуудын тухай нэгэн асуулт тавих гэсэн юм. Манайд Тату хэмээх хамтлаг нэлээд нэрд гараад байгаа. Саяхан тэд Тату тэнгэрийн дээвэр дор нэртэй тоглолтыг бараг таны эх оронд зохион байгуулсан. Хоёр насанд хүрсэн охин ижил хүйстнүүдийн тухай дуулдаг юм. Залуучууд тэднийг биширдэг бол ахмад насны хүмүүс энэ нь залуучуудын ёс суртахуунд сөргөөр нөлөлдөг хэмээн үзэж байна. Энэ талаархи таны бодол?
-Шүтлэгтэй хүний хувьд ижил хүйстнүүд хоорондоо холбоотой байхаас аль болох зайлсхийх нь зүйтэй гэж боддог. Гэхдээ шүтлэггүй хүмүүст энэ нь тийм ч чухал асуудал биш. Бэлгийн гаж буруу зуршилтай хүмүүсийг нийгэмд ялгаварлан үздэг хэмээн надад ярьж байнсан. Тэднийг зодож, гэр орноосоо хөөдөг гэсэн. Энэ бол маш хэрцгий алхам. Хүчирхийлэл гаргаж болохгүй. Гэвч орчин үеийн хөгжим, кино нь секс тэр дундаа ижил хүйстнүдийн явдалд хэтэрхий их анхаарал хандуулж байна. Энэ бол буруу бөгөөд хүчирхийллийг сурталчилж байгаа хэрэг. Жаахан секс, жаахан хүчирхийлэл байхад амьдрал маш гашуун юм шиг санагдаж байгаа биз. Yүнийг залуучууд тусгаж авч байгаагаас л өнөөдөр сургуулиудад буун дуу гарч байгаа юм. Залуучууд зурагтаар буу харсан бол бодит амьдрал дээр буудах болно. Хүчирхийлэл ноцтой асуудлуудыг үүсгэдэг. Хүчирхийллээс татгалздаг болохын тулд дэг журамтай байж, бусдыг хайрлаж сурах хэрэгтэй бөгөөд ийм болохын тулд чамгүй урт замыг туулах болно. Би лам хүн ч гэсэн секс гэдэг хүний амьдралын чухал хэсэг гэдгийг ойлгож байна. Гэхдээ хэр хэмжээнээс халина гэдэг үргэлж сөрөг үр дагавар авчирдаг. Аливаа юманд хайр энэрэл, гэгээн зүйл гэж байх ёстой. Энэ нь ямар ч салбарт хамаатай. Шинжлэх ухааны шинэ нээлт хийхээр туршилт хийхдээ ямар үр дагавар авчрах талаар мартвал гай гамшиг дагуулах болно. Зарим компаниуд зөвхөн орлогоо л боддог тул эцэст нь хахууль зэрэг муухай зүйлтэй холбогддог. Амьдралд бүх юм хоорондоо холбоотой бөгөөд хүмүүс асуудлыг зөвхөн нэг талаас нь хардаг.
-Хүчирхийлэлгүй амьдралыг төсөөлж болно гэж үү? Аливаа үйлдэл нь ямар нэгэн хэмжээгээр хүчирхийлэл шүү дээ. Шинжлэх ухаан техникийн ололт ч гэсэн байгальд хүч хэрэглэж байгаа гэсэн үг.
-Миний бодлоор шинжлэх ухаан, технологи одоохондоо хэм хэмжээнээс халиагүй бөгөөд хүчирхийлэл хэрэглээгүй болов уу. Юмыг зөвхөн нэг талаас нь харна гэдэг хэр хэмжээг алдагдуулдаг. Жишээ нь, хүн дээр туршилт хийж болохгүй. Би БНАСАУ-д ийм туршилт хийж байгаа тухай сонссон. Дэлхийн II дайны үед Гитлер болон япончууд хүн дээр туршилт хийж байсан. Эдийн засгийн салбарт хэр хэмжээ хэмээх зүйлийг мартдаг. Зөвхөн орлогоо бодож ямар үр дүнд хүрэхийг харгалзахгүй байж болохгүй.
-Хүн дээр туршилт хийж болохгүй юм байна. Тэгвэл амьтан дээр. Yүнийг хориглох юм бол анагаах ухаан хөгжихгүй шүү дээ?
-Амьтдын хувьд гэвэл би Буддын шашинтны баримталдаг зарчмыг барьдаг. Амьтны амьдрал гэдэг хүнийх шиг үнэтэй. Би Шотландын Эдинбургийн их сургууль дээр амьтныг клонацийн аргаар хувилахаар туршилт хийж байгааг үзсэн. Мөн Америкийн Жоржид иймэрхүү зүйл харсан. Амьтан дээр туршилт хийх зайлшгүй шаардлагатай байсан ч энэ нь хэмжээ хязгаартай гэж би эрдэмтдэд хэлсэн. Жишээ нь, далайн гахайн дээр туршилт хийж болно. Гэхдээ амьтан ч гэсэн өөрийн гэсэн эрхтэй бөгөөд түүнийг нь зөрчихгүй байх ёстой. Бид хүний эрхийн тухай ярихдаа хүн гэдэг ертөнц дээрх ер бусын зүйл мэт ярьцгаадаг. Хүн оюун ухааны хөгжлөөрөө бусад амьд амьтнаас илүү бөгөөд энэ нь ялгарах онцлог тал нь. Тиймээс ч бид амьтан, ургамал гээд бүх л амьд амьтныг хайрлах ёстой.
-Өнөө үед дэлхийг цэрэг дайнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ бол гунигтай үнэн зүйл. Тэгвэл таны яриад буй хүний эрх бүхнийг хайрлаж энэрэнгүй хандах ёстой гэдгийг яахав. Гартаа зэвсэг барьж байж шударга үнэний төлөө тэмцэх үе цөөнгүй тохиолддог шүү дээ?
-Хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл хэрэглэж байж зогсоодог арга бий. Дэлхийн II дайн барууны хөгжил, ардчиллыг аварсан. Солонгосын хойгийн дайн БНСУ-ыг аварсан. Одоо тус улсын хөгжлийн түвшин зэргийг БНАСАУ-тай харьцуулаад үз дээ. Хэрвээ тэр үед дайн болоогүй байсан бол өшөө хэдэн сая хүн зовох байсан бол. Вьетнамын дайн эмгэнэлд хүргэсэн. Харин Иракийн дайны хувьд гэвэл одоогоор зөв алхам байсан эсэхийг хэлэхэд хэцүү байна. Иракийн нийгэм хэрхэн хөгжих, дайн ашиг авчирсан эсэх нь ирээдүйд харагдах болно. Хэрэгтэй алхмууд сөрөг үр дагавар авчирдаг. Түүхийг үзэхэд иймэрхүү жишээнүүд маш олон бий. Гэхдээ өнөө үед дэлхий ертөнц өөр болсон. Би ямар ч хэлбэрийн хүчирхийллийг эсэргүүцдэг. Ямар үр дагаварт хүргэх нь урьдчилан хэлэхийн аргагүйд хүчирхийллийн сөрөг тал оршдог. Хүчирхийлэл гэдэг хэр хэмжээнээс хальж хууль дүрмийг зөрчдөг. Ирээдүйд дайн гарахгүй байх гэж би найдаж байна. Дэлхийн улс орнууд бие биенээсээ улам их хамааралтай болсон тул бусдын эдийн засаг улс төрийн тогтолцоо, үзэл бодлыг хүндэтгэн үзэх ёстой. Зөвхөн яриа хэлэлцээрээр бие биеэ ойлголцдог байх хэрэгтэй. Энэ бол цорын ганц зам. Австралиас эхлээд Америк хүртиэл хүмүүс Иракийн эсрэг дайныг эсэргүүцэж байна. Урьд өмнө нэг нь нөгөөгийнхөө эсрэг дайн зарлахад бусад нь дэмждэг байсан шүү дээ. Би 1996 онд Их Британийн хатан хааны ээжтэй уулзсан. Бүтэн зуун өнгөрөхөд дэлхий сайжирсан уу, муудсан уу гэж түүнээс асуухад тэрээр хамаагүй дээр болсон гэж эргэлзэлгүй хариулсан. Би ч үүнтэй санал нэг байгаа.
-Дэлхий улам жижигхэн болж байгаа гэж та хэлсэн. Тэгвэл удахгүй бид нэг засгийн газартай, нэг боловсронгуй шашинтай болох юм болов уу?
-Ирээдүйд манай дэлхийн хүмүүс хамаагүй ухаантай болж арьсны өнгө, гарал үүслээс эв нэгдэл нь илүү чухал гэдгийг ойлгох байх. Гүн ухааны үүднээс авч үзэх юм бол дэлхий даяараа нэг ард түмэн болж байгаа хэрэг. Хуучин ЗХУ иймэрхүү байсан биз дээ. Гэхдээ улс төр болон соёлын онцлогоо хадгалж үлдэх нь ашигтай байх гэж бодож байна. Гэсэн хэдий ч өөр соёл, өөр ард түмэн зэрэг нь заавал тулгамдсан асуудал бий болгодог. Бүх орныг нэгтгэж нэг улс болгоно гэдэг хэцүү л дээ. Орон болгон өөрийн гэсэн онцлогтой боловч бүгдийг нэг л ирээдүй хүлээж байна. Ирээдүйд НYБ-ын үүрэг улам чухал болох байх гэж бодож байна. Одоогоор тус байгууллага нь даршилсан мэт байгаа л даа. Хамгийн гол нь НYБ янз бүрийн үндэстний цуглуулга биш, дэлхий улс орнуудын засгийн газруудыг нэгтгэсэн бие нь болж өгөх явдал. Европын холбоо бол иймэрхүү нэгдлийн үлгэр жишээ. Орос улс Европын холбооны чухал гишүүн болно гэдэгт би итгэлтэй байна. Эдийн засаг болон газар зүйн хувьд авч үзэх юм бол Орос орон Европтой нягт холбоотой. Шашны хувьд авч үзэх юм бол ард түмэн болгон өөрийн шашнаа сүсэглэх болно. Эцсийн эцэст шашнууд нэг л зүйлийг номлодог шүү дээ. Цорын ганц ялгаа нь гэвэл хэл юм.
/Өдрийн сонин 2004.03.30