Микро автобуснууд осол аваарын тоог нэмж байна

Нийслэлийн тээвэр зохицуулалтын газартай гэрээ байгуулсан 87 аж ахуйн нэгжийн 2000 гаруй бага оврын автобус өдөрт үйлчилгээнд гардаг байна. Энэ нь хажуугаар зөвшөөрөлгүйгээр шугамын үйлчилгээнд гардаг бага оврын автобуснууд цөөнгүй байдаг гэж албаны хүмүүс ярьж байна. Бага оврын автобуснуудад ямар шаардлага тавьдаг талаар Нийслэлийн тээвэр зохицуулалтын газраас тодруулсан юм.
-Энэ нь Монгол улсын стандартаар баталгаажуулж гаргасан байдаг юм. Yүний дагуу бүх нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бага оврын автобуснууд бөөрөн талд нийтийн тээвэр гэсэн туузан хаягтай, дээр нь явах чиглэлийнх нь хаягийг бичсэн гэрэлт хаягтай явдаг. Эдгээр автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд зорчигчиддоо ялгагдахаар, үйлчлэхэд бэлэн байхаар зохицуулж ажиллуулдаг.
Зорчигчдыг консерв шиг чихээд нисэхээс бусдыг үзүүлдэг унаа бол микро автобус мөн. Yүнийг ч олон хүн хүлээн зөвшөөрч байна. Микро автобусны эзэд орлогоо бодоод суудлаасаа хэтэрсэн тооны зорчигч тээвэрлэх нь ердийн үзэгдэл болоод байгаа. Хэтэрхий олон хүн суулгахад нь бухимдсан зорчигчид дургүйцлээ илэрхийлэх боловч хар гэртээ хаан нь, бор гэртээ богд нь гэдгийн үлгэрээр жолооч, кондукторын ялалтаар энэ маргаан төгсч байгаа дүр зургийг олонтаа харж болно. Хэрэглэгч та хаан гэж хэлдэг ч энэ нь хэрэгждэггүй. Даац хэтрүүлж байгаа зарим зорчигчийн хэнэггүй зан ч нөлөөлдөг талтай. Нэгэнт л даацаа хэтрүүлэн зорчигч суулгасан болохоор замын цагдаа нартай муур, хулгана болон тоглох явдал элбэг тохиолдоно. Ингэж цагдаа нараас зугтаан явахдаа тогтоосон чиглэлээс хазайх, орон сууцны хороолол дундуур сүлждэг нь хэнд ч нууц биш.
-Хүний тоо хэтрүүлэх, зогсоолын журам зөрчих, хулгайн тээврээр явах зэрэг зөрчил гардаг. Манайхаас захиргааны арга хэмжээ, торгуулийн арга хэмжээ авдаг. Хулгайн тээвэр гэж нэрлээд байгаа зөвшөөрөлгүй микро автобусанд Хотын тээврийнхэн арга хэмжээ авдаг.
Нэг чиглэлд үйлчилж байгаа микро автобуснууд зорчигчдоо булаацалдаж хоорондоо өрсөлддөг. Ингэхдээ замын хөдөлгөөний дүрмийг зөрчих нь энүүхэнд. Хурд хэтрүүлснээс болоод золгүй явдал гарч байсан нь олон бий. УБ хотын замаар микро автобуснуудын зарлаагүй уралдаан хэдий болтол үргэлжлэх бол. Цаашид нийтийн тээврийн үйлчилгээнд ямар оврын автобус үйлчлэх вэ гэдэг асуултанд хариулт авсан юм.
-Их багтаамжийн автобусыг их хэмжээгээр оруулж ирэх бололцоо нөхцөл муутай байгаа учраас энэ орон зайд өнөөдөр тодорхой хэмжээний бага оврын автобусыг зохицуулалттайгаар бүртгэж, хянаж явуулж байгаа. Их багтаамжийн автобус олон тоогоор ороод ирсэн тохиолдолд бага оврын автобусыг нийслэл хотын доторхи үйлчилгээнээс хязгаарлаж багасгах чиг бодлого барина.
Хэрэв том оврын 800 автобус үйлчилгээнд гарвал УБ хотын хэрэгцээг хангаж болох аж. Харамсалтай нь санхүүгийн бэрхшээлээс болоод манай нийтийн тээврийн компаниуд том оврын автобус худалдан авч чадахгүйд хэргийн гол нь оршиж байгаа юм.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button