Сайхан төрөх заяаных, сайн амьдрах бол санааных

-Хүүхдэд төрөхөд нэр хайрладаг ёсон бий. Ер нь нэр өгөхөд учиртай юу. Сүүлийн үед хүмүүс хүүхэддээ нэр өгөхдөө ламаас асууж утга учир билэгдсэн нэр өгч байна. Энэ талаар ярихгүй юу?
-Монголоор барахгүй дэлхийн ард түмэн нэр өгөх эртний уламжлалтай. Ялангуяа азийн Хятад, Солонгос зэрэг орнуудад нэрний тухай онолын том номнууд байдаг. Хүний нэрийг тоон ухагдахуунд шилжүүлэн маш сайн шинжлэн байж нэр өгдөг. Нэр өгсний дараа тухайн хүний төрсөн он, сар, өдрөөр нь хөөгөөд амьдарч байгаа цаг хугацааны бүх үйл явдал зурлагыг гаргадаг. Нэрийг онолоор, таамгаар, ямар ч ухагдахуунаар өгсөн тухайн хүний нэрийн зурлагыг хувь төөрөгтэй нь хавсарч үзэхэд ямар хүн болох болон амьдралд тохиолдох болгоныг урьдчилан үнэн зөв гаргах магадлал өндөр байдаг. Энэ бүхэн өөрөө эцэг эхээс авсан нэр, дуудагдаж байгаа нэрийн мөн чанарт шингэж, зохицож амьдралын бүх хэмнэл нь шийдэгддэг гэдгийг харуулж байна.
-Яагаад хувь төөрөгт нэр ямар үр нөлөөтэй байдаг юм бэ?
-Орчлонгийн бүх юмс нэрээр хадагдаж, хадагдсан нэрнийхээ чанараар бүх мөн чанар нь илэрхийлэгдэж, ойлгогдож бие сэтгэлд бууж хүмүүн төрөлхтөн болоод байгалийн жам ёсны харьцаан дунд харилцан барилдаж оршдог. Нэргүй ямарваа зүйл байдаггүй. Тэр тусмаа хүний нэр гэдэг жирийн нэгэн байгалийн юмс үзэгдлээс онцгой чухал байна. Учир нь хүний гайхамшигт чанар сэтгэлээрээ өөрөө ариусч, хөгжиж гэгээрэлд хүрч болох боломжтой. Хүн төрөлхтөн хөгжин дэвшиж, өөрчлөгдөх гайхамшигтай бие цогцостой учраас нэртэй холбогдсон маш олон зан үйлүүд байдаг. Ер нь хүн амьдарч байх хугацаандаа олон төрлийн нэртэй холбогдсон зан үйлийг бий болгосон.
-Тухайлбал…?
-Тухайлбал тухайн хүнд нэр хүнддэх, нэр тохирохгүй байх, нэрийг солих нэртэй холбогдсон засал, домууд гээд амьдралд нь бүхэл бүтэн өөрчлөлт хийх янз бүрийн арга замуудыг бий болгосон байдаг. Ийм учраас нэр хугарахаар яс хугар, дуудах нэрийг эцэг эх, дуурсах нэрийг ард түмэн өгдөг хэмээх үг гарсан нь хүн өөрийн нэршсэн нэрээрээ байх ёстой гэсэн ухагдахууныг эрхэмлэсэн хэрэг юм. Сүүлийн үед монголчууд нэрийг нилээд боддог болжээ. Нэр өгдөг хүнээр утга учрыг нь мэдэж нэрийг авбал маш сайн. Монгол хүний нэрийн лавлах толийг үзэж, харж байхад зууны далан хувь нь төвд, санскрит болон гадаад нэр голчилсон байдаг. Монгол гэдэг бүхэл бүтэн улс орон, өөрийн соёл иргэншил хэлтэй байж өөрийн үндэсний нэр усаа авч байж монгол ёс, язгууртайгаа хэвшин дадна. Тийм учраас гадны нэр бус монгол нэр авах нь чухал гэдгийг хэлмээр байна.
-Монгол эмэгтэйчүүд эртнээс хүүхдээ төрүүлэхдээ жил сарыг онцгойлон анхаардаг байсан гэдэг. Тэр тусмаа бар, морь жилд төрсөн хүний үр хүүхэд хойшдоо хэцүүхэн амьдралыг туулдаг гэх юм. Энэ үнэний ортой болов уу?
-Эмэгтэй хүмүүстэй холбогдсон зүйлүүдийг ажиглаж байхад эмэгтэй хүний хувь заяа эрэгтэй хүнийхийг бодвол хувирамтгай байдаг. Учир нь эцэг эхээс төрсөн өөрийнх нь хувь заяаны төөргөөс гадна бэр болох нас бэр болдогггүй нас гэж байна. Энэ жилээс хамаарч тухайн хүний амьдрал ямар байх вэ гэдэг нь шийдэгддэг. Анхны сарын тэмдэг ирсэн сараас мөн анх эр нөхөртэйгээ учирсан өдөр, сараас, анхны үр хүүхэд гаргасан нас жилээс хамаарч эмэгтэй хүний хувь заяа өөр болдог. Тийм учраас эхтэй нь холбоотойгоор ийм зүйл яригддаг. Түүнээс биш үр хүүхэд ямар ч жилд төрж болно. Хүн өөрөө өөрийн амьдралын сайн муу явах бүх хувь заяагаа атгаж төрдөг учраас тийм жилд төрвөл хэцүү амьдрал туулна гэсэн юм байхгүй. Тэр тусмаа эрдэнэт хүний биеийг олж төрөх нь буянаар төрдөг гайхамшигт төрөл. Сайхан төрөх заяаных, сайн амьдрах бол санааных юм. Тэгэхээр бидний сайн муу явах нь өөрийн сэтгэл хэр зэрэг гэгээлэг, авах гээхийн сургаалыг хэр зэрэг ухаарсан амьдралд тэмүүлж, өөрийгөө боловсруулж байгаа оюуны цар хүрээнээс амьдралынх нь ирээдүй сайн муу байх нь шалгаална. Төрсөн жилтэй холбоотой төөрөг заяа бий. Гэхдээ төөрөг заяагаа хэрэгжүүлэн хувиргаж, сайн муу болох нь хүн болгоны өөрийнх нь гарт, эрхэнд нь байдаг юм. Тэгэхээр Би ийм л заяа төөрөгтэй гэж эвлэрээд, Ийм од гарагт төрчихсөн тэгээд ингэж байна гээд заяа төөрөгтөө дарагдаж амьдарвал сайн заяат хүний төөрөг биш. Энэ бол муу заяатын үйл. Харин заяа төөргөө хөгжүүлэн давж түүнийгээ чанаржуулж амьдардаг нь сайн заяат хүний ёс юм.
-Зарим гэр бүлд үр хүүхэд тогтдоггүй тал байдаг. Yүнд ямар нэгэн шалтгаан байна уу?
-Монголчуудад үр хүүхэд тогтдоггүй, тогтсон ч үр хүүхэд нь эмзэг тал байдаг. Yүнтэй холбоотой гадаад болон дотоод, бүр нууц шалгаан бий. Энэ бүгдийг засах тэр тусмаа үрийн заяа тогтдоггүй улсуудад хүртэл хамааруулж Хүвүүн асрагч охин тэнгэр манайхан Бүзи Лхаму гэж хэлдэг юм. Ногоон дарь эх бурхны өмнөөс үрийн заяа дууддаг. Дуудах дуудахдаа удам залгах сайн заяат үр дууддаг. Мөн үр удмын хишгийн даллага гэх мэтчилэн олон янзын зан үйлийн тогтсон аргууд байдаг. Энэ бүхний шалтгаан нь эр эм, эцэг эх хоёрын нийлэмж таарамжаас мөн аль нэгнийх нь шалгаанд байж болно. Бас эр эм хоёрын тухайн үйлийн үр, бие эрхтэнтэй холбоотой байх гээд янз бүрийн олон шалтгаан байж болох тул энэ болгонтой холбоотой янз янзын зан үйлүүд гарсан байдаг. Yүнийг олон талаас нягтлан нарийн үзэж байж мэднэ дээ. Түүнээс биш ганц нэг шалтгаанаас үүдээд үр хүүхэд тогтохоо больсон гэж болохгүй. Яагаад гэвэл хүн болгон өөр өөр төөрөг, хувь заяатайгаас гадна хүн болгон ямар вэ гэдэг нь хязгааргүй учраас тогтоон томъёолж хэлэх аргагүй юм.
-Хүний ямар одонд төрснийг нь судлаад сайн муу явахыг шинждэг ном судар бий юу?
–Хүн шинжлэлийн талаар, ямар явах талаар бүгдийг нь тодорхой, төгс хариулж өгсөн манай бурхан шашны уламжлалт сургаал ном бий. Энэ нь бүхэл бүтэн хүн судлал юм. Орчлон ертөнцийн сайн муу гэм, зургаан зүйл амьтны бүх төрөл, сансар хорвоог бүхэлд нь нарийн шинжлэн түүн дунд барилдан төрсөн хүмүн бидний яаж явахыг судалсны эцэст бурхан багш хамаг амьтанд туслахын тухайтад ганцхан зөв замыг бидэнд зааж өгсөн. Бурхан багш өөрөө нэг модны навч бариад Миний гарт байгаа навч олон уу, бутанд байгаа навч навч олон уу гэж асуухад Багшийн гарт байгаа навч ганцхан, бутанд байгаа навч тоймгүй олон гэхэд бурхан багш Миний та нарт хэлсэн сургаал ном бол ганцхан энэ навч юм. Харин миний таньж мэдсэн зүйл бол бутанд байгаа навч шиг хязгааргүй гэжээ. Яагаад энэ их мэдлэгийг хэлсэнгүй юм бэ гэвэл Энэ бүхэн хэрэггүй мэдлэг гэжээ. Яагаад хэрэггүй мэдлэг юм бэ гэвэл Зөвхөн бурхан багшийн заасан ганц навчны замаар явбал бусад нь аяндаа төрнө гэж айлдсан байна. Тийм учраас хүнийг өөрийг нь төөрөгдүүлж байдаг хүний 84000 сэтгэлийн гэм болгоныг нь дараад 84000 эрдмийн цогцсыг олох ном сургаалыг бурхан багш өөрөө зааж өгсөн. Тэгэхээр бурхны сургаал гэдэг хүнийг төгс хэмжээнд хөгжүүлж хүргэх гайхамшигтай ном сургаал юм. Жирийн эгэл хүний шинжээний судар бий. Язгуурын үүднээс сайн шинждэг судраас гадна зурхайн төөрөг, төрсөн өдрийн төөргөөр шинждэг өч төчнөөн зүйл байна. Хүний гадаад бие цогцос, хамар, нүд, ам, гарын алганаас авахуулаад бүх эрхтнээр нь шинждэг судар бий. Энэ бүхэн нь хүмүүст өөрөө өөрийгөө танин мэдэх, өөрийнхөө муу гэмт талыг ойлгож, сайн талаа хөгжүүлж, туслахын тухайтад зааж сургасан байгаа юм. Хүний урьд төрөлдөө ямар нүгэл хураасан, урьд төрлийн хувь заяаг уншиж болох толь бол бидний бие байдаг. Бидний бие цогцосонд байгаа бүх хэлбэр, хэмжээ, дуу авиа, хөдөлгөөн, язгуур, үндэс, төрж байгаа од гараг, эрхэс бүх зүйлтэй нь уялдуулан шинжилж уншихад Би ийм л үйл заяаг хураасан хүн байна гэдгийг таньж болдог. Харин энэ насанд хийж, сэтгэж байгаа үйл, бодол ажлыг нь харж шинжээд ирээдүйдээ ямар хувь заяатай төрөхийг нь хэлж болно. Ер нь хүүхдийг ямар хүн болохыг тоглож байгаа тоглоомоор нь шинж гэж ярьдаг. Энэ бүгдийг ялан давж төгс хэмжээнд боловсорч хүрэх замыг бурхан шашны сургаал номлолд зааж номлосон юм байна гэж ойлгох хэрэгтэй.
-Ер нь айл гэрийн сүр сүлд эцэг хүнд эсвэл эх хүнд нь байдаг юм уу?
-Айл гэрийн сүр сүлд эр эм хоёр юм. Аль нэгэнд нь голлодог юм биш. Эр нь арга, эм нь билэг юм. Эрд байхгүй зүйл эмд байдаг бол эмд байдаггүй зүйл эрд байдаг. Тэгсэн хирнээ нэг нь байхгүй байж болохгүй. Хоёулаа байх ёстой. Тэгж байж үр удам, хүмүн төрөлхтөн зөв оршин тогтнох учир шалгаан, үүсвэр уг нь гэр бүл, эр эм,эцэг эх хоёр юм. Тийм учраас гэр бүлтэй холбогдсон бэрийн зурхайгаас авахуулаад эртнээс уламжлан тогтоосон ёс заншлууд байдаг. Энэ бүгдийг судлаад мэдэх юм бол бид байгалийн тогтсон жамт ёсны нууцыг бүрэн төгс танин мэдэх эрдэм болгоныг нь хэвшүүлэн тогтоохын тухайтад гэр бүлийн ёс журмыг гаргасан эртний агуу их соёлын гүн гүнзгий ухааныг бишрэхээс аргагүй сайхан номлол байдаг. Соёлын бүх үндэс, үнэ цэнэ нь хүмүн төрөлхтний буй болгосон гэр бүл, эр эм хоёрын харьцаан дээр суурилдаг юм. Тэгэхээр орчлонгийн хамгийн сайхан дүрс юу вэ гэхээр бие биедээ учирсан хоёр хосын, эмэгтэйн нүдэнд эр нөхөр ханийнх нь дүр, нөхрийнх нь нүдэнд заяаных нь ханийн дүрээс илүү сайхан юм байхгүй. Хорвоо өөрөө ийм нарийн зохион байгуулалттай жамтай учраас эр нэжгээдийн хажууд эм нэжгээд, эм нэжгээдийн хажууд эр нэжгээд хувь заяагаар төрж байдаг. Тэгэхээр хоёулаа хувь заяагаар бие биетэйгээ учрахыг хүсэж байдаг нарийн тогтолцоотой хорвоо. Энэ бүх нарийн жамыг үгүйсгэх юм бол хүмүний орчлон нэгэн агшинд хоосроно хэмээн номлосон байдаг. Хүмүүсийн хүндлэн дээдэлж мэдэж байвал зохистой зүйл бол эр эмийн хамгийн дээд харьцаа, ариун ёс журам юм. Тэгэхээр зөвхөн гэр бүлийн бус хүн төрөлхтний сүр сүлд эр эмийн харьцаан дээр оршиж байдаг юм.
-Монголчууд үр хүүхдээ багад нь өндгөн сүй тавьдаг ёсон байсан гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ их учиртай ёс юм. Эртний балар ёс, бие биедээ хайр сэтгэлтэй болоогүй байхад нь эцэг эх дураараа өөрсдийн тааллаар шийдлээ гэж үзсэн нийгмийн нэг хэсэг хугацаа байсан. Нарийн шинжлээд үзэх юм бол үүн шиг учир утгатай, гүн гүнзгий ёс байхгүй. Энэ нь уг журмыг мэддэг ухаант хүмүний нандин ёс байгаа юм. Хүн төрөлхтний сүлд байх энэ амьдралыг цогцлоох уг суурийг ултай суурьтай эртнээс нь хэвшүүлэн тогтоож өгсөн дээдсийн ёс. Угаасаа эр эм хоёр бүхэл бүтэн үйл хураасан амьтан. Энэ хоёр зохицон нийлнэ гэдэг тун ярвигтай хирнээ түмэн гайхамшиг гарах гүн увдистай. Эцэг эх нь удам хараад, язгуур үзээд, дараа нь бэрийн зурхай, төөргийг хараад шинжинэ. Эр эм хоёр гэр бүл болж нийлэхэд зөвхөн тухайн хоёр хүнийг хувьчлан хардаггүй. Мөн удам маш сайн харна. Хоёр хадам аав ээжийн жилээс авахуулаад бүх таарамжийг нь хардаг. Тэр бүх таарамжаас гэр бүл болсон хоёр хүүхдийнх нь хувь заяа сайн муу байх нь шалтгаална. Удам муутын заяа муу. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг үг байдаг учраас энэ бүгдийг үзсний эцэст хувь хүний гадаад шинж, бие хаа, царай зүс, бүгдийг нь харна. Тэгээд Энэ хоёрын хувь заяа нийлэх юм бол ийм байх юм байна гэсэн төөргийг нь үзэхээр эцэг эх хоёр өөрсдийнхөө удам залгах үр хүүхдийнхээ хувь заяа, аль аль талыг нь бодоод өндгөн сүй багад нь тавьдаг. Багад нь тавьдагийн гол учир нь дасамгай бага насанд нь бие биед нь дасгадаг. Нэг нь үгүйгээр нөгөө нь байх аргагүй болж, багаасаа бие биенийхээ зан чанарыг мэдээд эр эмийн харьцаанд орж, амьдралд бие даахаас өмнө нэг нэгнийхээ сайн муугаа мэдээд хэр баргийн юманд гомдохоо больж бие биенийхээ сэтгэлд уусан шингэсэн байдаг. Тэгээд эр эм бие гүйцсний эцэст хоёуланг нь хуримлуулаад гаргадаг. Энэ нь нэг хүний амьдралтай холбоотой бус бүхэл бүтэн нэгэн удмын хэлхээ холбоог үл таслах тэдний үйл барилдсан сэтгэлийн залгамжийг ариун зөв үйлээр байнга тэтгэж өгч байх удам угсааны залгамжтай холбоотой юм.
-Хуримлах гэр бүл болох ёслолд ямар нэгэн учир шалтгаан бий юу. Ийм зан үйл заавал байх ёстой юу?
-Хурим хүн төрөлхтний айл гэр бүлийн хамгийн нандин голомтыг бий болгож байгаа ёсолгоо учраас бүх зүйлийг маш нарийн анхаарч нарийн ёс тогтоодог. Өнгөцхөн харахад энгийн нэгэн тогтсон ёс мэт боловч нарийн шинжилвэл цаад талд нь маш нарийн зүйл барилдсан байдаг. Уг ёс горимыг гажуудуулж өөрсдийн дураар хольж хутгаж болохгүй. Ёс журмыг сайн мэдэж байж үйлдэх хэрэгтэй. Ялангуяа хурим хийх ёсны өдөр, сударт бэрийн үйл болон хуримын өдрийг сонгож болохгүй өдөр гэж бий. Эдгээр сар, одтой, өдрүүдэд эр эмийн хуримыг товловол зурхайг үзэж байгаа хүнд муу байдаг. Yл итгэвээс хожмын цагт их гэмшил болно.
-Энэ зан үйлэнд бэр авах цаг гэж байх уу?
-Бэр буулгах цаг гэж байна. Охин мордуулах өнгө гэж байна. Тухайлбал Хулгана жилтэй охиныг хар морь унуулж, хар дээл өмсгөж, луу цагт мордуулан, бич цагт мөргүүл гэхчлэн нарийн заасан байдаг. Ураг тогтоох өдөр гэж бий. Охиноо өгөх бэр ба хүргэн авах сайн муу өдөр гэж бас байдаг. Бэр буулгах ба хурим хийлгэх сар өдрийн сайн мууг тодруулсан байдаг. Тэнгэрийн бэлэвсрэлийн өдөр гэж бий. Энэ бол хаврын гурван сарын туулай өдөр хурим найр, бэрийн ямар нэгэн үйлийг огт хийж болохгүй. Адгийн бэлэвсрэлийн өдөр мөн эр эмийн бэлэвсрэлийн өдөр гэх мэтчилэн дандаа цээрлэж байх хүн бүхний заавал мэдэж байвал зохих зүйл байна. Ийм өдөр бэр буулгах, ураг төрөл тогтоох, хурим найр хийх үйлийг ихэд цээрлэдэг. Итгэхгүй бол эцэст хагацал болох цагт бүх гэмшил ирнэ гэсэн заалттай. Бэр буулгах сайн муу өдөр гэж бий. Шүтэн барилдлагын үр, арван хоёр эзлэгч өдрийнх нь үр гээд маш олон зүйлийг анхааруулсан байдаг юм. Пүрэв, баасан, бямба гэх мэт гарагийг нь сонгож үзнэ. Гараг, билгийн өдрийн тохиоллыг нь хамт үзнэ. Охин өгөх далд сар гэж байна. Хүү бэр авах харш он гэж байна. Тэр тусмаа бэр буулгах айл гэр үүсгэх журам гэж бий. Бэрийг хүргүүлэх, идээ хувцас хүргэх хүний жил ямар байх, бэрийн унах морины өнгө зүс, бэрийн явах цаг, зүг, өмсөх хувцсны өнгө, гэрт оруулах хүний, угтах хүний, тулга тулах хүний, гал асаах хүний жил, үс угаах хүний жил, бэр мөргөх цаг гэх мэтчилэн ийм олон зүйлийг нарийн үздэг. Тийм болохоор дашням, балжиннятай өдөр гээд зүгээр таамгаар хийж болдоггүй.
-Айл гэр аз жаргалтай сайн сайхан амьдрахын тулд юуг эрхэмлэж, дээдэлвэл зохилтой вэ?
-Айл гэр аз жаргалтай амьдрахад юуг эрхэмлэн дээдлэх вэ гэвэл эртнээс уламжилж ирсэн гэрийн бүлийн ёс журамыг нарийн мэдэх хэрэгтэй. Бие биенээ харилцан хүндлэн, дээдэлж, сайн зохилдож байх хэрэгтэй. Дөрвөн махбодь болоод арга, билэг тэнцүү тэгш байх юм бол эрдэм сайхан гардаг. Хэрвээ зохилдолгоо алдагдаж ёс журмыг зөрчих нэг нь нөгөөгөө үл хүндлэх ёс бусын харилцаа айл гэрийн журамд нүүрлэвэл зохистой үйл эвдэрэхээр зохисгүй үйл гардаг жам үйлчилж эхэлдэг. Хүн, байгаль дээр арга, билгийн харьцаа, хүнийг дагалдсан дөрвөн махбодийн тэнцвэр алдагдахад түмэн зүйлийн гамшиг, мянган зүйлийн гай ирдэг. Эр эм хоёр болж айл гэр тогтоож байгаа тохиолдолд эр нөхрийн, эхнэрийн, эцгийн, эхийн хариуцлагыг давхар нягтлан мэдэж ёс журмаа хүнлэг ёсоор гүйцэтгэх хэрэгтэй. Хамгийн гол нь ёс заншлаа дээдэлж, хоёр биенээ хүндлэн, дээдэлж байх ёстой.
-Сүүлийн үед гэр бүл их салж сарниж байна. Ивээл жилтэй гэсэн хирнээ ийм тохиолдол гарч байна. Yүнд хүмүүсийн ханийн заяа, төөргөөс их шалтгаалдаг уу?
-Сүүлийн үед гэр бүл салж сарниж байгааг ажиглаж үзэхэд нэг талаар нийгмийн өөрчлөлт шалтгаалж байна. Манайхан ханиа сонгох, гэр бүл болох уламжлалт нарийн ёс журмыг хаясан байна. Сүүлийн далан жилд монголын үнэт өв соёл, эрдэмтэн мэргэдийн сургаал, номын эх хэлээ гээснээс бидний яриа цөөхөн хэдэн үгэнд эргэлдэж, нэр өгөх ёс орхигдсон зэрэг олон зүйлээс үүдэж хохирол амссан. Ялангуяа үр хүүхдийнхээ гэр бүлийн асуудал дээр эцэг эх нь хайнга хандаж Санаа нийлж байвал боллоо гэдэг үүднээс бараг үг ч хэлж чадахгүй суулгаж байна. Иймэрхүү эгзэгтэй зүйлээс болж салж сарниж байна. Yүнийг засъя гэвэл ерөөсөө цэцэрлэг, бага, дунд сургуулиас нь мартагдсан уламжлалт зан заншил, мэдлэгээ өвлүүлэх бодлогыг зориуд төрөөс соёлын бодлого болгож нийгэм даяар явуулж байж нэгэн бүхэл бүтэн сайхан үеийг төрүүлж гаргаж байж хойч үеээ аварна. Монгол үндэс угсаагаа монгол чигээр нь үлдээх хүмүүнлэг нийгэм тогтоох хамаг үндэс үүн дээр тогтож байна. Yүнийг засахгүйгээр үлс орныг эмзэглүүлсэн гэр бүлийн асуудал амархан засрана гэж байхгүй.
-Айл гэр өнгөтэй, өөдрөг, сэтгэл түвшин, аз жаргалтай амьдрахын тулд орон гэртээ ямар ном, судар, бурхан шүтээн залах вэ?
-Бурхан шашны бүх ном сургаал дандаа хүн амьтны сайн сайхан тусын тулд зориулагдсан байдаг. Лагшингийн шүтээн хэмээх бурхадын бүх хөргүүд (Барьсан, цутгасан), Тааллын шүтээн суварга, очир гэх мэтчилэн тахилын бэлэг тэмдгүүд, Зарлиг шүтээн хэмээх Бурхан багшийн номлосон болоод хойч хутагт мэргэдүүдийн номлосон судар ном энэ бүхэн бүгдээрээ хүн амьтанд тустай. Тэгэхээр Лагшин, Зарлиг, Тааллын гурван шүтээнийг гэртээ бүрдүүлэн тахин хүндэлж байвал зохино. Гэр орондоо орж ирээд харж байхад эрхэмлэн, дээдэлж байх нэгэн ариун зүйл байна гэдэг хэн бүхний сэтгэлд сайн нөлөөтэй, нөмөр нөөлөгтэй, тустай юм. Хамгийн гол нь орон гэртээ байлгаснаар тухайн бодит зүйл гэдэг үүднээсээ бус сэтгэлийг тэтгэж сайн сайхнаар дэмжиж өгөх цаад гүн утга аньсанд нь байгаа юм шүү. Зүгээр нэг үлгэр төдий хөрөг тавьснаар сайн сайхан болчихдоггүй. Утгыг нь мэдэж хүндлэн дээдэлж, санаж, сэтгэж байвал сэтгэлд тустай.
-Хүн төрснөөсөө эхлээд хорвоог орхих хүртлээ янз янзын замаар замнадаг. Ер нь мөр цагаан, хүний ёсноос гажуудалгүй явахыг хичээвэл юуг их эрхэмлэх вэ?
-Ганцхан бие, сэтгэл, хэл гурвын үйлээ цэгцтэй зөв байлгахыг хичээж аливаад маш сайн сэрэмжтэй хандаж бай. Сэтгэлдээ зөв үйлийг бодож бясалгаж байх нь өөрт тустай. Амьтанд тус болж чадахгүй юм бол хор бүү хүргэ. Сэтгэл цэгцтэй зөв байвал хэл яриа цэгцтэй болж хүнд баяр баяслыг төрүүлж биеэр үйлдэх үйл болгон нь сайн болдог хэлээр өгүүлсэн болгон үнэн зөв байдаг. Тийм болохоор бие, хэл, сэтгэл гурваас сэтгэлий хянах, зөв байлгах нь илүү чухал юм. Санаа сайн бол заяа сайн байх нь үүнээс үүдэлтэй байдаг тул хүнд тустай, өөрт хэрэгтэй, түмэнд ачлалтай, баяр баясгаланг төрүүлсэн сайхан буянтан болж хэмжээт насаа өнгөрөөнө.