Эвсэл хуралдааныг хаяж гарав

Тэд энэ удаагийн сонгуульд 36-уулаа ялалт байгуулсан боловч СЕХ улстөржсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр гарган олон түмний сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэсээр байна гэж эвслээс сонгогдсон гишүүд тайлбарлаж байгаа юм. 24, 59 дүгээр тойрог дээр Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшсэн Энхболд, Отгонбаяр нар сонгогчдын олонхийн саналыг авч ялалт байгуулсан боловч МАХН, СЕХ хуйвалдан шүүхийн шийдвэрийг үл тоомсорлолоо гэж ноён Энхсайхан үзэж байна.
УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудал Эх орон-Ардчилал эвсэл, МАХН өнөөдрийг хүртэл зөвшилцөөнд хүрч чадахгүй байгаа нь маргаантай байгаа энэ хоёр тойрогтой холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна. Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшсэн Энхболд, Отгонбаяр нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх юм бол улс төрийн хоёр гол хүчний их хуралд авсан суудлын тоо тэнцэнэ. Ардчилсан нам угшилдаа гурван бие даагч эвслийн талд кнопоо дарах юм бол Эх орон-Ардчилал эвсэл эрх барих магадлал өндөрсөж байгаа юм. Нөгөө талд МАХН-аас нэр дэвшсэн Сугар, Гүррагчаа нар их хуралд орж ирэх юм бол БНН-аас нэр дэвшсэн Жаргалсайхантай нийлээд мөн л УИХ-д хамгийн олон суудал авсан гэсэн томъёололд багтаж байна.
Yүнээс харахад маргаантай хоёр тойргийн асуудал яалт ч үгүй аль нам давуу эрхтэй болохыг нотлох гол түлхүүр болоод байна гэж улс төрийн ажиглагчид дүгнэж байгаа юм. 12 удаа завсарлаж өнөөдрийн 15.00 цагт үргэлжилсэн чуулганы хуралдаан энэ асуудлаас болоод гацаанд орж эхэллээ.
15.00 цагт эхэлсэн чуулганы хуралдааныг Эх орон-Ардчилал эвслээс сонгогдсон гишүүд даргынхаа уншсан мэдэгдлийн дараа орхин гарсан юм. Хурлыг даргалагч хуралдааны дэгээ барихыг гишүүдэд санал болгон танхимд орж ирэн чуулган үргэлжлүүлэхийг эвслийн гишүүдээс хүслээ. МАХН-аас ирц бүрэлдэхгүй байсан ч хурлаа явуулъя гэж дуугарч байгаа нь сонсогдсон. Харин УИХ-ын гишүүн Идэвхтэн эвслийнхэн ийм үндэслэлээр хуралдааныг орхих эрх байхгүй гэж мэдэгдлээ.
Чуулганы танхимд үлдсэн ч хэлэлцэх асуудалгүй болсон гишүүд сонин гарчиглаж, өөр хоорондоо тамхилцгааж байлаа. Хурлыг даргалагч болон МАХН-аас сонгогдсон гишүүд Эх орон-Ардчилал эвслээс сонгогдсон гишүүдийг хүлээн чуулганы хуралдаанаа үргэлжлүүлэхийг хүссээр энэ өдрийн чуулганы хуралдаан маргааш өдрийн 11.00 цаг хүртэл завсарлалаа.
МАХН-ынхан Эх орон-Ардчилал эвслийнхнийг хууль зөрчиж хуралдааныг орхин гарлаа гэж мэдэгдлээ. Харин эвслийнхэн МАХН сонгуулийг будлиантуулж, олон түмний сонгох эрхийг зөрчин эрх мэдлийн төлөө улайрч байна гэж үзэж байгаа юм.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button