Юнайтед Эйрлайнз-ын борлуулагчийн газар үүдээ нээлээ

Бид дөрвөн жил Эйр Транс компанитай хамтарч ажилласан. Итгэлтэй, найдвартай түншээ сонгож чадсан шүү гэж Юнайтед Эйрлайнз-ын Хятад дахь үйл ажиллагааг хариуцсан ерөнхий менежер Сидней Квок хэлсэн. Харин Эйр Транс компанийн захирал Т.Чулуунхүү Энэ авиа компанийн ерөнхий борлуулагчийн газар нээгдсэнээрээ үйлчилгээний өндөр стандартыг нэвтрүүлэх, гадаад дотоодын зорчигчдод ая тухтай үйлчлэхэд ахиц гаргах, Монгол-Америкийн бизнесийн харилцааг өргөжүүлэхэд тодорхой түлхэц өгнө гэж Улаанбаатар зочид буудалд өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр тэмдэглэсэн юм.
Юнайтед Эйрлайнз компани 550 гаруй онгоцоороо зөвхөн нэг өдөрт 3600-гаад нислэг хийдэг. Монголоос АНУ руу нисэх зорчигчдод зориулан өөрийн үйлчилгээндээ шинэчлэл хийж байгаа юм байна. Тус компани Бээжингээс Америкийн Сан-Франциско, Чикаго хотууд руу шууд нислэг хийхээр төлөвлөж буй. Улаанбаатар-Бээжингийн нислэгийн цагийн хуваарь нь дээрх нислэгт тохирч байгаа гэсэн шүү.
Японы Токиогийн олон улсын Нарита онгоцны буудлаас АНУ руу өдөрт есөн шууд нислэгтэй. Харин Сөүлээс өдөрт нэг удаа шууд нислэг хийдэг байна. Эдгээр нислэгийн сүлжээ нь монголчуудыг Америк руу нисэхэд илүү дөхөм, таатай орчинг бүрдүүлж байгаа хэрэг гэж Сидней Квок үзэж байсан.
Юнайтед Эйрлайнз-ын дүрэмт хувцас өмссөн монгол охид эелдгээр инээмсэглэн өчигдрөөс ажлаа эхэллээ. Ерөнхий борлуулагчийн газар Эйр Транс компанийн байранд байрлаж байна.
/Өнөөдөр, 2004. 08.04, 181/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button