Өвдөг шороодоход нүд харанхуйлаад их эвгүй болсон

-Энэ жилийн наадмын дөрвийн даваа наадамчдыг шуугиулсан даваа байлаа. Бөх сонирхогчдын бүтэн жил ярьсан бодсон бөхийн таавар зөрлөө. Таныг хийморио сэргээе л гэж барилдсан гэсэн яриа ч гарч байна. Тэгэхээр та ийм юм болно гэж бодож байсан уу, эсвэл санаанд оромгүй явдал болсон уу?
-Ер нь энэ жилийн наадмаар бэлтгэл сайн хангагдсан, сайхан барилдаан нь жигдэрчихсэн нэг нэг үеийн хэдэн сайхан залуучууд түрж гарч ирж байгаа нь ажиглагддсан. Миний хувьд бол яахав чөлөөт бөхийн, олимпийн бэлтгэл гээд маш том бэлтгэлтэй байгаа. Цагаан сараас хойш бол үндсэндээ орос руу хоёр гурван удаа явж, Турк руу нэг удаа явж бэлтгэл сургуулилт хийлээ. Ер нь чөлөөтийн бэлтгэл нилээн их хийгдсэн л дээ. Пүрэвжав бол энэ жил бэлтгэл их сайтай байна. Ер нь ч их сайн барилддаг залуу байгаа юм. Хоёр жилийн өмнө бас наадмаар таарч барилдаж л байсан. Тэгэхдээ… Энэ жил бол их сайн барилдаж харцага цол хүртлээ. Аливаа спорт чинь нэг нь унаж нэг нь давдаг жамтай юм чинь. Түүгээрээ л боллоо. Тэгээд бас их сайхан том цол хүртсэнд нь баяртай л байна. Цаашид улам сайн барилдаасай гэж бодож байна.
-Тухайн үедээ та шоконд орчих шиг болсон. Та тиим юм болно гэж ер нь бодоогүй юу? Наадамчид ч гэсэн нилээн гайхаж байсан?
-Өө мэдээж тэгэлгүй яахав. Яг тэр үед нүд харанхуйлаад их эвгүй болсон л доо. Миний хувьд бол. Тэгээд нэгэнт уначихсан, давчихсан асуудлыг одоо яах вэ дээ. Тиим л юм болсон.
-Таныг яг ямар мэхээр унагачихав? Таныг зүгээр зогсож байхад чинь гэнэт унагачихсан гэж зарим хүмүүс яриад байгаа ш дээ?
-Үгүй ээ, үгүй. Зүгээр давхар шуудагны барьцнаас би түрүүлж мэх хийсэн. Тэрэн дээр л тэр хүний мэдрэмж таараад л зөв хариу хийсэн.
-Та тахимаа өгөхгүй нилээн удаан зогссон байх аа?
Өө тэр яахав. Өгөхгүйдээ биш, тэр үедээ яахав шоконд ороод л тэгсэн байх. Тэрнээс биш ямар нэг маргалдах ч гэдэг юмуу унаагүй ч гэдэг юмуу тиим асуудал гараагүй л дээ.
-Пүрэвжав харцагын талаар хүмүүс хоёр таамаглалтай байгаа. Нэг бол Пүрэвжав айхтар нүх хийж чадсан, эсвэл ерөөсөө л од нь гийчихсэн өдөр байсан гэж ярьж байсан. Таны хувьд тэр хүний од нь гийчихсэн өдөр байсан уу, юу гэж бодсон бэ? Аварга маань арай найраанд орчихсон юм биш байгаа гэсэн хар ч бас байгаа?
-Ер нь бөх барилдаанд их олон юм шалтгаална л даа. Хамгийн их нөлөөлөх зүйл бол мэдээж бэлтгэл сургуулилт. Тэрнээс гадна од, аз хийморь гэж байна. Тэгээд л тэр өдөр тэр юмнууд нь нилээн сайн тохирсон өдөр байсан юм байгаа биз дээ.
-Хүмүүс таныг уначихаад шоконд орж гараад явчих байх гэж бодсон байх. Гэтэл та инээчихсэн асарт сууж байхыг хараад бөх хүн гэдэг ийм л байх ёстой гэж их сайхан хүлээж авч байсан?
– Миний хувьд бол наадмаа үзээд л, бөхчүүдийнхээ барилдахыг хараад л наадмаа дуустал суусан.
-Сүүлийн үед бөхчүүд маань морь уядаг, хурдан хүлгийнхээ шандсыг сорьж нааддаг болсон. Та ер нь морь уядаг уу? Уях бодол байгаа юу?
-Надад бол нилээн хэдэн адуу бий л дээ. Гэхдээ би морь уядаггүй. Нэгдүгээрт морь уях зав зай гэдэг бол үнэхээр байхгүй. Хамгийн гол шалтгаан бол тэр. Тэгэхдээ би моринд хайртай, моринд дуртай. Яваандаа бас морь уях бодол бий. Одоохондоо бол өөрийгөө сойно, өөрийгөө наадамд бэлдэнэ. Тэрний хажуугаар морь сойж наадамд уралдуулна гэдэг бол амжихгүй л ажил даа.
-Бат-Эрдэнэ аварга УИХ-ын гишүүн болчихлоо. Бараг л энэ жилийн наадмаар зодог тайлж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр Бат-Эрдэнэ аваргаар наадмын дэвжээ дутаж л таарна. Аварга хүний хувьд энэ талаар ямар бодолтой явна даа? Бас арай ч харьчих, зодог тайлчих болоогүй л байгаа ш дээ?
-Гишүүн болчихлоо гээд наадамд барилдахаа больчихгүй байх аа. Миний хувьд тэгж бодохгүй байна. Наадамдаа барилдах байх, зодоглох байх. Бөхчүүдээс маань төр түшилцэх төрийн түшээ хүн анх удаа их хуралд сууж байгаа. Аваргынхаа сонгуулийн сурталчилгааны ажилд нь би өөрийнхөө сэтгэл зүрхээр дэмжиж оролцсон. Монгол бөхчүүдээс төр түшилцэнэ гэдэг бол бөхчүүдэд их сайхан бахархалтай санагдаж байгаа.
-Таны үеийн хэдэн сайхан бөхчүүд байна ш дээ. Сумъяабазар гарьдаас эхлээд сайн бөхчүүд. Гэтэл аваргын аранганд дарагдаад аварга болж чадахгүй нас нь нилээн явчихлаа. Нэг хэсэг Бат-Эрдэнэ аваргад дарагддаг байсан бол бдоо та нарын үе гарч ирээд та нарт дарагдаад байгаа хэсэг бөх байна ш дээ. Энэ талаар та боддог уу?
-Одоо тэгээд яахав. Нэг үед төрсөн олон бөхчүүд бүгдээрээ аварга болно гэж байхгүй ш дээ. Спорт юм чинь давна, унана. Тухайн үеийнхээ барилдаанаар шийдэгдэж байгаа асуудал юм чинь. Тэрнээс биш хэн нэгнийгээ дарчихлаа, олон жил унагаачихлаа, хаячихлаа ч гэдэг юмуу хэн нэгнийгээ дэмжчих юмсан. Энэ жил тэрийгээ нэг түрүүлүүлчих юмсан гэсэн сэтгэл гаргаж эхэлбэл наадам чинь утгагүй болж эхэлнэ ш дээ. Нэгэндээ найз гэдэг утгаараа тал засаж найр тавьж барилдана гэдэг бол миний хувьд л лав байхгүй.
-Та начны найрааг юу гэж боддог вэ?
-Начны найраа гэдэг юмыг бол би ойлгохдоо нэгийгээ дэмжих өөрийнхөө дотроо үнэлдэг бас нэг аятайхан сайн барилдчихаасай гэсэн бөхөө дэмждэг тусалдаг тиим нэг хэсэг хүмүүс байна. Тэд нар нутгийнхаа хүүхдийг дэмжээд тав давуулчихдаг. Энэ бол эртнээсээ л байсан зүйл шүү дээ.
-Бөхийн холбооны тэргүүний асуудал шийдэгдэхгүй их маргаантай байсан. Та бол бөхчүүдээ зохион байгуулж авч явж байгаа хүмүүсийн нэг. Тэгэхээр энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ? Бөхчүүд наадмаар л нэг дэвжээн дээрээ нэгддэг. Бусад үед тарж бутраад явчихдаг юм шиг ойлголт хүмүүсийн дунд байдаг?
-Бөхчүүдийн хооронд бол тиим асуудал байхгүй ш дээ. Бөхчүүд бутарсан зүйл байхгүй гэж бодож байгаа. Бөхийн холбооны тэргүүний сонгууль гээд л бөхчүүд нэг хэсэг хуралдаж нэг хүн тавьчихдаг. Энийг нь эргээд л шүүх нь хүчингүй болгочихдог. Энэ нь одоо ямар учиртай юм бэ дээ. Би аль алиных нь хуралд суугаагүй, оролцоогүй. Зарим үед нь гадаад дотоод руу тэмцээн уралдаанд явчихсан байгаа. Энийг бол маш зөв талаас нь шийдэх ёстой юм байгаа юм. Олон дахин солигдож, хэрүүл уруул тэмцэл хийж, тэр хэмжээгээрээ Монгол бөхийнхөө нэр хүндэд нөлөөлж, тэр утгаараа ард түмэндээ, бөхчүүдийнхээ дунд хэрүүл уруул хийдэг, нэг тэргүүн тавьчихдаг, нөгөөхөө буцаагаад унагачихдаг. Дахиад л нэг өөр хүн гаргаад ирдэг гэдэг ч юмуу. Тиим уур амьсгал, ойлголт төрүүлчихвэл сайнгүй зүйл байх аа гэж бодож байна. Тэгэхээр үүнийгээ нэг тийш нь зөв шийдэж сайхан явах хэрэгтэй юм.
-Олимпод хэр найдлага тавьж байна вэ? Тамирчин болгон л ялалтын төлөө л явдаг шүү дээ. Тэр тусмаа манайхан чөлөөт бөхөд их найдлага тавьж байх шиг байна?
-Олимпод манайхаас чөлөөт бөхөөр эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр тамирчин эрх авсан байгаа. Тэгээд жудо буудлага гээд нийтдээ хорин тамирчин байгаа ш дээ. Ер нь сүүлийн хэдэн жил манайхан олимпод оролцож байгаа тамирчдаа их үздэг болж байна. Урд олимпоос манайхан чинь медальгүй ирсэн. Тэр мэрийгээ бас бодолцож, дүгнэлт хийж, төр засаг маань нилээн анхаарч байгаа. Цалин мөнгө, тэгээд тэмцээн уралдааны зардал зэргийг шийдэж өгч байгаа. Тиим болохоор тамирчид нилээн сайн бэлдэж байгаа. Миний хувьд ч гэсэн одоо бас дөрвөн жилд ганц болдог тэр том наадамд зөвхөн Өсөхбаяр гэдэг утгаараа биш Монголынхоо нэр төрийг гаргаж, ард түмнийхээ өмнөөс оролцох учраас их хичээж өөрийнхөө боломж чадлаар сайн барилдчих юмсан л гэж бодож бэлтгэл хийж байгаа даа.
-Бэлтгэлээ яаж хийж байна. Гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх гэж байгаа гэсэн байх аа?
-Маргааш Украин улсад олимпийн бэлтгэлийн баазад очно. Манай Энхтуяа бид хоёр, Дамдиншарав багш, Болд багш бид дөрөв явах юм. Тэнд Украйн, Белорус, Узбекстан
Казакстан/ОХУ гэсэн нилээн хэдэн орны олимпийн өмнөх нилээн том хамтарсан бэлтгэл болох юм. Тэрэнд оролцохоор маргааш явах гэж байна. Олимпийн өмнөх нилээн гол бэлтгэлээ тэнд базаах байх. Тэгээд ирээд энд эх орондоо Хөвсгөл дэх олимпын бэлтгэлийн бааз дээрээ байж байгаад найман сарын 20-доор олимп руугаа явах юм шиг байна.
-Монголдоо олимпийн бэлтгэлийг сайн хангах боломж ер нь байна уу?
Яахав зүгээр бэлтгэл сургуулилт хийх нөхцөл талаасаа гайгүй. Тэндээ дэвжээгээ аваачаад заал барьчихсан. Тэндээ бэлтгэлээ хийгээд байж болно. Хоол ундны тал дээр ч гэсэн анхаарч гайгүй байгаа юм шиг байгаа юм. Харин хамтарч бэлтгэл хийх портнер гэдэг талаасаа бол жаахан дутагдалтай байгаа л даа. Гэхдээ Сумъяабазар бид хоёр ярьж тохироод хамт бэлтгэлд гарах байх.
-Та үндэсний бөхөөр хичээллэхээсээ бүр өмнө чөлөөтөөр хичээллэж байсан гэсэн. Чөлөөт бөхөөр нилээн удаан барилдаж байгаа юу?
-Ер нь чөлөөт бөхөөр арван дөрөв, таван жил хичээллэчихсэн шүү.
-Олимпоос ямар ч байсан медаль авна гэсэн итгэл, зорилго байгаа юу?
-Ямар ч байсан ялна л гэж бодож бүх юмаа зориулж байгаа. Тэгээд одоо бэлтгэл сургуулилт, од хийморь, багш нар, баг хамт олон, ард түмний заяа хишиг гээд бүх зүйлээс л шалтгаалах байх. Аль болох сайн барилдах л зорилготой байна.

(Дээдсийн хүрээлэн 2004.07 сар)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button