Монгол-Энэтхэгийн марафон болно

Хоёр орны найрамдалт харилцааг орчин цагийн нөхцөлд зохицуулан улам гүнзгийрүүлэх, сурталчлах, бүх нийтийн дунд гүйлтийн спортыг түгээмэл болгох, тамирчдын бэлтгэл сургуулилтыг сайжруулж, амжилтаа ахиулахад түлхэц болгох зорилготой уг тэмцээн нь 5, 10 км гэсэн хоёр зайд явагдана. Харин маршрутын хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Маршалын гүүр хүрээд буцаж цэнгэлдэх хүрээлэнд ирснээр 5 км-ийн бариа дуусах бол 10 км-ийн зайд гүйгсэд дээрх маршрутаар хоёр тойрог хийх юм байна.
Тэмцээнд 13-аас дээш насныхныг оролцуулах бөгөөд таван км зайд 50-иас дээш насны ангиллаар эхний гурван байр, 5 ба 10 км-ын зайд эрэгтэй, эмэгтэй гүйгчдээс тус бүр гурван байрыг шалгаруулж шагнал, дурсгалын зүйлс гардуулах гэнэ.
Оролцохыг хүсэгчид наймдугаар сарын 9-14-нд Спортын төв ордонд байрлах Хөнгөн атлетикийн холбоон дээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ тамирчид тэмцээний дэлгэрэнгүй заавар, дугаар, футболк зэргийг авах бөгөөд монгол, энэтхэг оролцогчид 2000, гадаадын иргэд 3000 төгрөг төлөх ёстой аж. Тэмцээний үеэр оролцогчдод ус, энэтхэг хоол түгээх гэнэ.
Шри Чинмойн санаачилгаар байгуулагдсан Шри Чинмойн Марафоны баг нь ойрын, марафон, хэт холын, ахмад тамирчдын, унадаг дугуйн, усанд сэлэлтийн гээд жилд 500 гаруй тэмцээн уралдааныг зохион байгуулдаг байна. Мөн энэ баг хөнгөн атлетикийн байгууллагуудын дунд болон ялангуяа олон өдрийн гүйлтийн тэмцээнүүдээрээ адартай бөгөөд багийн олон гишүүн үндэснийхээ болон дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.
/Өдрийн сонин, 2004. 08.04, 192/