1-5 нас хүртэл хүүхэдтэйгээ хаантай харьцаж байгаа юм шиг харьц

Хар багаас нь хүүхдийг учир зүггүй загнах, тэгж ингэж болохгүй гэсэн алхам тутамд нь заах албархаг сургаалийн үгийг зарим эцэг эх тоть шиг давтсаар байгаад нэг л мэдэхэд хүүхэд чинь амьдралаас бэргэдэг, туйлбаргүй, биеэ дааж шийдвэр гаргаж чаддаггүй, бусдыг аялдан дагах гэмтэй болдог талтай. 1-5 нас бол хүүхдийн танин мэдэхүй, ертөнцийг харах нүд дөнгөж нээгдэж байгаа хамгийн эгзэгтэй үе гэж япончууд үздэг байна. Энэ үед хүүхэддээ ном уншиж өгөх, үлгэр ярих, аль болох чөлөөтэй байлгах, сонирхсон тоглоом ч юм уу ямар нэг зүйлийг боломжтой бол хязгаарлахгүй байх нь зүгээр.
Хүүхдийг эрхлүүлж болохгүй гэдэг үзэл нэгэнт хуучирчээ. Хүүхэд эцэг эхдээ эрхлэн наадалгүй, бага насны зүггүйтэл, хайр энэрэл, халуун дулаан дурсамжгүйгээр өсөж өндийнө гэдэг юутай эмгэнэлтэй. Эрхлүүлнэ гэдэг учир зүггүй нялуураад бай ч гэсэн үг биш. Хамгийн гол нь хүүхэдтэйгээ харьцдаг байх, бага гэж гололгүй ярьж тоглох, асуусан зүйлийн тээршаалгүй үндэслэл сайтай хариулж өгөх зэрэг нь хүүхдийн оюун ухаанд гайхамшигтай цэнэг болж өгдөг.
Эцэг эх нарт сануулахад бага насанд олсон хүүхдийн дадал хүмүүжил нь түүний ирээдүйн төлөвшилд онцгой үүрэгтэй байдаг билээ. Эцэг эх та бүгд өөрсдөө ч их унших, улам боловсрох хэрэг гарч ирнэ.