Эвслийн гишүүд чуулганд оролцохгүйгээ мэдэгдэв

УИХ-ын 24, 59 дүгээр тойрогт олонхийн санал авч ялалт байгуулсан Энхболд, Отгонбаяр нарыг СЕХ нэр усаар нь зарлаж олон түмэнд мэдээлсэн. Гэтэл өрсөлдөгчид нь гомдол гаргаж хууль журмынхаа дагуу захиргааны хэргийн шүүхийн нэхэмжлэлийг хэлэлцээд 24 дүгээр тойрог дээр Зандаахүүгийн Энхболд ялалт байгуулсан гэдгийг албан ёсоор шийдвэрлэсэн. Харин 59 дүгээр тойргийн нэг хэсэгт дахин санал хураалт явуулах, гэхдээ давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал санал хураалтыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Нөхцөл байдал ийм байхад МАХН эрх барьж байсан үеийнхээ сэтгэлгээнд баригдан шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон СЕХ-г утсан хүүхэлдэйг шиг хөдөлгөж байна гэж эвслээс сонгогдсон зарим гишүүд шүүмжиллээ.
УИХ-д тэнцүү суудал авсан байхад хамгийн олон суудал авсан гэж өөрсдийгөө рекламдан аливаа хэрэгт давуу эрхтэйгээр оролцохоор санаархаж байгаа нь МАХН-ын удирдлагуудын гол алдаа гэж тэд үзэж байгаа юм. Тиймээс 24, 59 дүгээр тойргийн маргааныг үнэн зөвөөр нь шийдээгүй цагт Эх орон-Ардчилал эвслээс сонгогдсон гишүүд УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурьтай байна. Харин МАХН-аас сонгогдсон гишүүд СЕХ бол хөндлөнгийн байгууллага, тэдний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэтэл маргаантай байгаа хоёр тойргоор барьцаалан УИХ-ын чуулганы хуралдааныг гацаанд оруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдэж байгаа юм.
Өнөө өглөө 11.00 цагт эхлэх ёстой байсан УИХ-ын чуулганы хуралдаанд Эх орон-Ардчилал эвслээс сонгогдсон гишүүд хүрэлцэн ирээгүйн улмаас 15.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг хурлыг даргалагч гаргажээ. Гэвч 15.00 цагаас эхэлсэн хурал маргааш болтол завсарлах шийдвэрт хүрсэн юм. Маргаантай байгаа 24, 59 дүгээр тойргийн маргаан нэг тийшээ эцэслэн шийдэгдээгүй байгаа цагт УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан болохгүй нь гэж ажиглагчид дүгнэж байна. Түүнчлэн нам, эвслүүдийн хоорондох зөвшилцөөн ч гацаанд орж эхэлсэн байна. Чуулган маргааш 11.00 цагт үргэлжилнэ.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button