УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан даваа гариг хүртэл завсарлалаа

24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэг дээр дахин санал хураалт явуулах шийдвэр гаргасан СЕХ-ны тогтоолыг захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн байна. Зөвшилцлийн ширээний ард дахин сууж эхэлсэн Эх орон-Ардчилал эвсэл, МАХН-ын ажлын хэсгийнхэн даваа гаригийн өглөө хүртэл чуулганыг завсарлуулах, энэ хугацаанд зогсоод байсан тохиролцоогоо үргэлжлүүлэх санал дээр нэгдсэн байна.
С.Оюун -Эх орон-Ардчилал эвслийн бүлгээ танилцуулъя гэж бодож байна. Тэгэхлээр СЕХ сонгуулийн 24 дүгээр тойргийн 48 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулах шийдвэр гаргасныг та бүгд мэдэж байгаа. Энэ шийдвэрийг Эх орон-Ардчилал эвслээс УИХ-д сонгогдсон гишүүд эсэргүүцэн УИХ-ын чуулганд оролцох боломжгүй болсон. Өчигдөр нийслэлийн захиргааны шүүх СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлсэн учраас дахин санал хураалт бас түдгэлзсэн байгаа. Шинэ нөхцөл үүсч Эх орон-Ардчилал эвслийн гишүүд УИХ-ын чуулганд орох боломж бүрдэж өгч байна. Өнгөрсөн долоо хоногт Эх орон-Ардчилал эвсэл бүлгийнхээ дүрмийг боловсруулаад хэлэлцсэн. Энэ долоо хоногийн эхээр бүлгийнхээ дүрмийг баталсан байгаа. Баталсан дүрмийнхээ хүрээнд бүлгийнхээ удирдлагыг сонгосон. Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн даргаар миний бие УИХ-ын гишүүн Оюун сонгогдсон байгаа. Мөн бүлгийн орлогч дарга нараар Баярцогт, Батбаяр, Эрдэнэбүрэн гишүүн сонгогдсон. Yүнийг та бүхэнд албан ёсоор мэдээлж байна. УИХ-ын хуульд зааснаар бид бүлэг байгуулсан тухай шийдвэрээ УИХ-д хүргүүлсэн байгаа. УИХ-ын дарга сонгогдсоны дараа 24 цагийн дотор мөн шийдвэр, энэ бүлэгт багтсан хүмүүсийн нэрсийн жагсаалтаа УИХ-ын хуулийн дагуу хүргүүлэх юм байна. Мөн Эх орон-Ардчилал эвслийн албан ёсоор зохион байгуулалтад орсон бүлгийн хурлаар ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Энэ нь төр, засгийг байгуулах асуудлаар зөвшилцөх энэ ажлыг хариуцсан ажлын хэсэг. Энэ ажлын хэсэг долоон хүний бүрэлдэхүүнтэй. Ажлын хэсэгт бүлгийн ахлагч Оюун, бүлгийн гурван орлогч дарга Батбаяр, Баярцогт, Эрдэнэбүрэн, мөн манай эвсэлд багтаж байгаа гурван намын дарга нар Энхсайхан, Эрдэнэбат дарга, мөн Батхүү гишүүн орсон байгаа. Манай ажлын хэсэг өнөө өглөө МАХН-ын зөвшилцөх ажлын хэсэгтэй уулзах хүсэлт тавиад сая уулзлаа. Энэ уулзалтан дээр гэрээгээ зөвшилцөхийн төлөө байгаа, зөвхөн хоёр тал биш УИХ-д сонгогдсон гишүүд, улс төрийн хүчин намууд Зөвшилцлийн засгийн газар байгуулахын төлөө бие биенээ хүндэтгэх, харилцан ойлголцох, харилцан итгэлцэх, харилцан буулт хийх нь маш чухал гэдэг дээр манай бүлэг байр суурьтай байгаа. Зөвшилцлөө улам идэвхжүүлэх саналтай байгаагаа хэлсэн. Идэвхжүүлэхийн тулд ажлын хэсгүүд байнгын ажиллагаатай, тогтмол, өдөртөө нэлээд их цаг зарцуулж хөөцөлдөж зөвшилцлийн хүрээнд яригдаж байгаа асуудлуудыг иж бүрнээр нь цогцоор хэлэлцэж тохиролцох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Yүнийг хийхийн тулд УИХ-ыг даргалагч Дэмбэрэл гуайгаас ирэх нэг дэх өдөр хүртэл завсарлага авъя гэсэн хүсэлт тавьсан. Энэ дээр хоёр ажлын хэсэг тохиролцсон байгаа.
Идэвхтэн -УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн дарга, дэд дарга нараар сонгогдсон хүмүүст ажлын амжилт хүсч байна. Зөвшилцөлдөө оролцож ажиллах ажлын хэсэг байгуулагдсанд бид нар талархалтай байгаа. Манай ажлын хэсэг зөвшилцөлд оролцоход бэлэн байна. Yүнд тохиролцсон зөвшилцлийн гарын үсэг зурах, ёсчлохоос бусдыг хийчихсэн, тэгэхээр баримт бичиг дээр аялна байх гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн заалтын асуудлаар МАХН зөвшилцөж хамтарч ажиллахад бэлэн байгаа. Сая Оюун даргын хэлсэнчлэн харилцан ойлголцох, буулт хийх, эвтэй найртай хандах, бие биедээ хүндэтгэлтэй хандах зарчмыг МАХН-ын ажлын хэсэг өнөөдрийг хүртэл мөрдлөг болгон ажиллахыг чармайж байгаа, цаашдаа ч гэсэн ингэж ажиллах боломжтой. Сая ажлын хэсэг хоёр тал танилцах уулзалт хийсэн байгаа. Харилцан зөвшилцөл хийхэд бэлхэн байгаагаа илэрхийлсэн. Мөн зөвшилцлийг өдөрт нь өөр уулзалтаар биш байнгын болгох, хагас, бүтэн сайн өдөр гэхгүйгээр уулзалт ажил төрлөө ярьж зөвшилцөх ийм зарчмаар ажиллах нь зүйтэй гэж тогтсон. Эх орон-Ардчилал эвслээс чуулганы хуралдааныг ирэх нэг дэх өдрийн 11.00 цаг хүртэл завсарлуулвал яасан юм гэсэн санал тавьсан. Yүнийг ажлын хэсэг хүлээж авч байж болох санал гэж үзсэн. Ер нь чуулганы хуралдаан тасралтгүй явж байх учиртай. Энэ дээр ажил төрлөө ярьж санал бодлоо солилцож байх ёстой. Энэ утгаар авч үзэх юм бол маргааш үдээс хойш бас хуралдаж болох юм гэж би хувьдаа үзэж байна. Гэхдээ зөвшилцөл эхэлж байна, зөвшилцлийг сөргөлдөөнөөр биш, харилцан ойлголцлоор явуулах нь зүйтэй гэж үзээд Эх орон-Ардчилал эвслийн ажлын хэсгээс тавьсан саналыг манай ажлын хэсэг хүлээж авъя гэсэн ийм саналтай байгаа. Өөрөөр хэлбэл, анхдугаар чуулганы хуралдааныг ирэх нэг дэх өдрийн 11.00 цаг хүртэл завсарлуулвал яасан юм бэ гэсэн саналыг дэмжиж болох юм гэж үзэж байна.
Дэмбэрэл -Ер нь аятайхан мэдээлэл гэж үзэж байна. Зөвшилцлийнхөө зам дээр дахин гарч ирэх шиг боллоо. Манай энэ удаагийн парламент бол их онцлогтой. Хууль зүйн утгаараа бол олонхи гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас цөөнхийн зүгээс өөрийнхөө бодлогыг заавал тулгах замаар хуралдаан хаях ийм ойлголт энэ парламентад ер нь бага байх болов уу гэж би бодож байна. Цаашдаа ч гэсэн энэ зөвшилцлийн хэлэлцээрийн ойлголцлыг ийм зам энэ арга парламентад үргэлжлэн явагдах байх гэж найдаж байна.
Өглөө болсон ажлын хэсгийнхний уулзалт дээр Эх орон-Ардчилал эвсэл намын бүлэг байгуулсан гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн маргаантай байгаа 24, 59 дүгээр тойргийн асуудлыг хууль номынх нь дагуу шийдвэрлэх, УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлох, хамтарсан мөрийн хөтөлбөр боловсруулах зэрэг асуудлыг зарчмын хувьд тохиролцъё гэдэг байр суурин дээр тогтсон байна. Нуруугаа нийлүүлэн суучихсан ажлын хэсгийнхэн нүүр нүүрээ харалцах болсонд хурлыг даргалагч болон УИХ-ын гишүүд талархаж байлаа. Тэднийг даваа гаригийн өглөө болох хуралдаанд нэгдсэн саналтай орж ирнэ гэдэгт тэд итгэж байгаа юм.
/MN-25/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button