Худалдаа хөгжлийн банк Mаниграм Интернэйшнл-тэй хамтран ажиллахаар боллоо

Маниграм үйлчилгээний цэгүүд өөрсдийнхөө компьютерийн сүлжээний тусламжтайгаар дэлхийн 160 гаруй оронд мөнгөн гуйвуулга хийдэг юм байна. Худалдаа хөгжлийн банк Mаниграм Интернэйшнл-тэй 2000 онд анх хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Түүнээс хойш гишүүн байгууллагын болон гүйлгээний дүн тогтмол өссөөр ирсэн гэж тус банкны ажилтнууд тайлбарлаж байгаа юм. Энэ онд Худалдаа хөгжлийн банк Mаниграм Интернэйшнл байгууллагын өөр нэг гишүүн болох банк бус санхүүгийн байгууллагыг өөртөө нэгтгэсэн бөгөөд тус байгууллагын Монгол улс дахь албан ёсны цорын ганц гишүүн байгууллага байх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд нийт 10 арилжааны банкны 105 цэгээс мөнгөн гуйвуулга үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм байна.
-Албан ёсны төлөөлөгчийг томилсноор Mаниграм-ын үйлчилгээ урьдын адил хэвийн явагдана. Хэрэглэгчдийн хувьд болон үйлчилгээ үзүүлж байгаа 10 харилцааны банк, банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд үйл ажиллагаанд нь ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Mаниграм-ын үйлчилгээ найдвартай, баталгаатай гэдэг нь дөрвөн жилийн хугацаанд батлагдсан. Энэ хэвээрээ үргэлжлэн явна.
-Манай үйл ажиллагаа Монгол оронд улам их өргөжиж байгаад бид их баяртай байна. Худалдаа хөгжлийн банктай бид дөрвөн жил хамтран ажилласан. Ирээдүйд ч хамтран ажиллаж үйлчилгээгээ улам сайжруулах болно. Mаниграм нь богино хугацаанд найдвартай хялбар арга замаар хувь хүмүүсийн хооронд дэлхийн 160 гаруй орны 68 мянга гаруй цэгүүдээр дамжуулан мөнгө гуйвуулах үйлчилгээ юм. Сүүлийн жилүүдэд Монгол улсын гадаад харилцаа өргөжихийн хэрээр харь улс оронд ажиллаж амьдрах, суралцах хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа гэж бид ойлгож байгаа. Тэдэнд мөнгөн гуйвуулгын хамгийн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой байгууллага бол Mаниграм гэдэгт итгэж болно.
Mаниграм Интернэйшнл-ийг төлөөлсөн албан ёсны байгууллага болох гэрээнд гарын үсэг зурж байгаадаа маш их баяртай байна. Бид иргэдэд хөнгөн шуурхай, найдвартай үйлчлэх зорилгоо амжилттай биелүүлсээр ирсэн. Цаашид ч энэ үүргээ нэр төртэй биелүүлэх болно.
Монгол дахь Mаниграм-ын үйлчилгээ нь албан ёсны ганц төлөөлөх байгууллагатай болж байгаа бөгөөд Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Mаниграм-ын үйлчилгээ үзүүлдэг салбар агентлагууд нь Монгол шуудан, Капитрон, Хас, Анод, Эрэл, Интер хадгаламж, Капитал банкууд юм байна. Одоогийн байдлаар Mаниграм-ын үйлчилгээ үзүүлдэг нийт салбар банкуудын тоо 105 байгаагаас УБ хотод 51, хөдөө орон нутагт 54 байгаа гэж Худалдаа хөгжлийн банкныхан тайлбарлалаа. Бусад улстай харьцуулахад Mаниграм-ын сүлжээний өсөлт Монголд хурдацтай хөгжиж байгаа нь харагдаж байна гэж ноён Жон Хемпси дүгнэсэн юм. Албан ёсны цорын ганц төлөөлөх байгууллагын гэрээнд гарын үсэг зурсан Худалдаа хөгжлийн банк Mаниграм Интернэйшнл байгууллагынхан үйлчилгээгээ улам сайжруулна гэж амлаж байна. Тэд үйлчилгээгээ эхэлснээс хойш ганц ч удаа алдаа гаргаж байгаагүй юм байна. Тэд үйлчилгээ эрхэлж байгаа улс орон болгондоо хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн мэдрэлийн тасагт 1200 доллар хандивласан байна.
Худалдаа хөгжлийн банк, Mаниграм Интернэйшнл-ийн хамтран хандивласан энэхүү 1200 доллараар өрөөнийхөө тохижилтыг хийнэ гэж Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийнхөн хэллээ. Хөрөнгө мөнгөний гачаалаас болоод тус тасгийн ор, бусад хэрэглэлийг шинэчлэх ажил 20-иод жилийн хугацаанд хийгдээгүй юм байна.
/MN-25/