Монгол бөхийн зодог

Амьтны арьсыг түүхийгээр нь биедээ хэвшүүлж хэрэглэж байсан тухай Монгол туульд тэмдэглэгдсэн нь бий. Улмаар зүймэр арьсан өмсгөлийг урлах болсон нь зодогны өнгө, хэлбэр, хээ угалзны загвар боловсрон төгөлдөржихийн эхлэл болжээ. Арьсыг элдэж боловсруулах технологи хөгжихийн хэрээр бөхийн өмсгөл ч боловсронгуй болсоор байлаа.
Монгол бөхийн зодогны талаар XIII зууны үеийн тэмдэаглэлээс харвал савхин зодог хэрэглэж байсан бөгөөд элэг битүү байсан тухай дурьдаагүй байна. Хядан гүрний үед л элэг битүү, цээж хөхийг халхалсан зодогтой байсан бололтой. Зодогны энгэр задгай болсон нь монгол бөхийн барилдааны хөгжилтөд онцгой хувь нэмэр оруулсан төдийгүй ур хийцний хувьд энгийн болж, ёслол хүндэтгэлийн шинжтэй өмсгөл болон төлөвших явцыг түргэтгэсэн юм.
Хөгжлийн явцад зодгийг бөс даавуугаар урлах болж, түүнийг хийж оёход дөхөм болсон төдийгүй бөхчүүдийн биед хамгийн тохиромжтой байдалд хүрч, түүнд урлах хээ угалз чимэглэлийн бэлгэдэл, дүрс хэлбэр нь болсон юм.
Зодог нь ийм түүхэн үе шатуудыг туулан хөгжсөөр өнөө үед хүрч ирэхэд уутан ба саран гэсэн хоёр янзын үндсэн эсгүүртэй, биед эвтэй бөс материалаар хийгддэг болжээ.
Монголчууд бөхийг нутгийн сахиусны орших нэг хэлбэр гэж үздэг байснаас улбаалан бөхийн зодгийг эрхэмлэн дээдлэх, тахин шүтэх явдал цөөн бус байжээ. Өвөрмонголын алдарт бөх Дүүрэнзанын зодог, гутлыг хойч үрс нь торгон бааданд баглаж, гүнгэрваанд залан тахиж байсан тухай баримт, мөн алдарт бөхчүүдийн зодгийг үе уламжлуулан хадгалах ёс зэрэг нь үүнийг илтгэнэ.
Монгол бөхийн зодогтой холбоотой өөр нэгэн онцгой заншил нь зодог тайлах ёслол юм. Энэ нь барилдахаа больж буй алдарт бөх өөрийн удам дахь сайн барилдаж байгаа буюу гарамгай сайн барилдаж өндөр амжилтад хүрнэ гэж найдаж байгаа бөхөд зодгоо олон нийтийн өмнө хүндэтгэлтэйгээр гардуулж, нутгийн сахиусны хүчин чадлыг доройтуулахгүй, өөрийн хамтлагийн амин сүлдийг өргөж явахыг захидаг байв. Өнөө үед зодог тайлах ёслол төдийлөн хүндэтгэлтэйгээр тогтсон ёс горимоор явагдахгүй байгаа боловч Өвөрмонгол нутагт энэ ёс харьцангуй илүү хадгалагдаж байна.
Монгол бөхийн зодгийг сайн хийдэг урчууд үе үеийн турш уламжөлан хөгжиж ирсэн бөгөөд өнөө үед даян аварга С.Цэрэнгийн үр хүүхдүүд, бага хэмээх Санжаа болон түүний удмынхан илүүтэй урлаж байна.
/Миний монгол сэтгүүл, 2004.04 сар/