Бүрэн эрхийн асуудлаа ойлгомжтой болгохыг хүсчээ

Улс орны ашиг сонирхол, ард түмний хүсэл эрмэлзлийг иш үндэс болгон МАХН зөвшилцөлд эхнээсээ туйлын хариуцлагатай хандаж, намын удирдах дээд байгууллага нь зохих шийдвэр гаргасан юм. Тухайлбал, 2004 оны долдугаар сарын 19-ний өдөр хуралдсан МАХН-ын Бага хурлын долдугаар хуралдаанаас улс төрийн бусад нам, эвсэлтэй хууль тогтоомжийн хүрээнд зөвшилцөж, яриа хэлэлцээр хийж тохирох бүрэн эрхийг МАХН-ын дарга, МАХН-ын Удирдах зөвлөл, МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүдэд шилжүүлж холбогдох тогтоол баталж ёсчилсон юм. Харамсалтай нь Эх орон-Ардчилал эвслийг төлөөлж зөвшилцөлд орж байгаа хүмүүсийн бүрэн эрхийн асуудал одоо болтол ойлгомжгүй байгаагаас яриа хэлэлцээ мухардалд орж, удааширч байна. Ихээхэн цаг, хүч хөдөлмөр зарцуулж хоёр тал тохирсон, гагцхүү ёсчилж баталгаажуулах л үлдсэн асуудлууд хүртэл аль нэг удирдах албан тушаалтан, эвсэлд багтраж бй аль нэг намд таалагдахгүй байгаагаас зөвшилцөл бүхэлдээ гацаж, мухардмал байдалд орж байна.
Иймээс УИХ-ын. Анхдугаар чуулганаар хэлэцэж шийдвэрлэх асуудлаас бусад улс төрийн намтай яриа хэлэлцээнд орж, зөвшилцөх бүрэн эрхийг Эх орон-Ардчилал эвсэлд багтдаг улс төрийн намуудаас эвсли йн бүлэгт, мөн уг бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгт албан ёсоор шилжүүлж, бүрэн эрхийн асуудлыг ойлгомжтой болгож, яриа хэлэлцээ зөвшилцлийг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Нөгөөтэйгүүр Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн 2004 оны долдугаар сарын 314-ний өдрийн дангаараа гаргасан зөвлөмж нь зөвшилцлийн үйл ажиллагааг мухардмал байдалд оруулж, МАХН-ын дотоод хэрэгт оролцож, түүний удирдлагын нэр хүндэд ноцтойгоор халдсан болчимгүй алхам болсон тул уг зөвлөмжийг Ардчилсан нам өөрөө хүчингүй болгох, эсхүл зөвлөмжөөс болж зөвшилцөл мухардмал байдалд орсныг арилгах алхмыг Эх орон-Ардчилал эвсэл, мөн эвслийн УИХ дахь бүлгээс хийхийг хүсье.
Зөвшилцлийг цаашид эрчимжүүлэх, тодорхой үр дүнд хүргэхэд урьд өмнө нь ярьж тохирсон зүйлээ ёсчилж баталгаажуулах нь чухал байгаа тул Зөвшилцөл 1, Зөвшилцөл 2 баримт бичгүүдэд ойрын үед гарын үсэг зурах саналтай байна.
МАХН улс төрийн бусад нам, эвсэлтэй хуулийн хүрээнд зөвшилцөж, улс орны хөгжил дэвшил, ард түмний сайн сайхны төлөө эв эеийг хичээж хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
/Өнөөдөр, 2004, 08.09, 185/