Залуу одод авьяаслаг, гэвч…

Германы Браво супер шоуны өнгө аясаар найруулахыг хичээсэн уг шоу залуу оддод алдар хүнд авчрах нэгэн боломжийг олгож буй гэдгээрээ онцлог. Ажаад байхад залуу хамтлаг, дуучдын нэгдсэн иймэрхүү шоу урьд нь болдоггүй байж. Бас тэдний стиль, имижийг олон нийтэд зарлаж байгаагүй санагдана. Алтан микрофон, Пентатоник наадмаас ч шагнал хүртэх нь ч цөөн. Нэг ёсондоо тэднийг нээх гарц хаалттай байсан юм уу гэмээр.
Харин энэ шоу залуу оддыг нээлээ. Бас хэв маяг, имижээр нь тодотгож, цом гардуулав. Гэхдээ рок, попын шинэ үеийн төлөөлөх мөнөөх одод урлагийн гараагаа хуурамч эхэлж байна уу гэмээр. Чин үнэнийг хэлэхэд амьд хөгжмөөр тоглодог хамтлаг тэнд бараг алга. Гитар барьсан мөртөө бичлэг даган дуулаад байгаа Халуун виски хамтлагийг амьд рок гэж нэрлэхэд бэрх санагдсан. Уг нь тэд Тавдугаар сарын бороо дуугаараа сонсогчдын танил болж, гитарын уянгалаг аялгуу мэдрүүлж чадсан билээ. Гэтэл өөрсдийг нь тийм хүндэтгэлтэй нээж өгч буй шоу тоглолтдоо халтуур хандах нь гайхалтай.
Гэхдээ тэр үдэш амьд хөгжмөөр тоглох шаардлагагүй ч байж болох. Яагаад гэвэл шоу юм чинь. Тус хамтлагтай хэв маяг ижил Шөнийн галт тэрэг хамтлаг харин ая дуугаа өргөсөнгүй. Сураг тавибал амьд хөгжмөөр тоглох техник, төхөөрөмж тэнд байхгүй учраас оролцохоос татгалзсан гэнэ. Харин амьд хип хоп гэдгийг тоглолтоороо мэдрүүлж чадсан Татар-ынхан энэ удаа бичлэг тавин дуулахаас өөр аргагүй байсан гэдгээ дуулгасан юм.
Бусад хамтлагийн тухайд гэвэл залуу насны эрч хүч, авьяас чадвараа харуулсан дуугаараа үзэгчдийг баясгаж байв. Гэсэн ч тэд бичлэг даган амаа хөдөлгөгчдийн замыг сонгожээ. Буруутгах арга алга. Гэхдээ хүний сонорт хүрэхдээ түргэн арилжаа-ны дуу дуулаад амжилт олохыг нь үгүйсгэх аргагүй. Тухайлбал, хэв маяг, имижээрээ залуусын сонирхлыг татдаг Style and image, брек бүжгийн акул гэж нэрлэдэг Snep, охидын Pinkie хамтлаг, шилдэг дуэт дуучин Yүрээ, Мөнхбат гээд дурдаж болно. Тэднийг өөчилж, муулахыг урьтал болгосонгүй.
Шилдэг есөн хамтлаг, дуучны тун цөөн нь амьд хөгжмийг сонгосон нь харамсалтай. Уг нь сонсогчид сүүлийн үед амьд хөгжим сонирхож байгаа болохоор амжилт олоход дөхөм байж мэдэх. Рок попын ертөнцөд цус сэлбэлт хийж буй ирээдүйн оддын дүр төрх иймэрхүү. Хялбар арга замыг сонгож байна уу даа гэмээр. Дуулж бүжиглэх, хөгжим тоглох гээд урлагийн бүхий л авьяасаа сонирхуулан, бараг уйлах нь холгүй байж олны анхаарлыг татдаг Германы залуу оддын Браво супер шоугаас тэс өөр юм гээч.
/Өнөөдөр, 2004, 08.09, 185/