Хойд Солонгосын ЭСЯ-ыг сэргээн нээв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр хоёр орны худалдааг нэмэгдүүлэх эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж ирэх аравдугаар сард болох Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай болно гэдэгт найдаж буйгаа түүнтэй уулзахдаа илэрхийлсэн. Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг дурьдлаа. Солонгос хоорондын төмөр зам нь бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд ноён Ким Ен Ир Ерөнхий сайдад тус улсын сайд нарын танхимын Ерөнхий сайд Пак Бон Жүгийн мэндчилгээг уламжлаад хоёр орны харилцаа хамтын ажиллагаа идэвхжиж буйг тэмдэглэж цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн сүүлийн үед БНАСАУ-ын эдийн засаг тогтворжиж нааштай өөрчлөлтүүд гарч байгаа талаар ноён Ким Ен Ир танилцуулж байлаа. Түүний айлчлалын үед болсон нэг онцлох үйл явдал нь БНАСАУ-ын Элчин сайдын яамыг өчигдөр сэргээн нээж уг ёслолд эрхэм зочин өөрөө оролцсон юм. Энэхүү яам нийслэлийн төв хэсэгт Японы Жайка хэмээх байгууллага байрлаж байсан байшинд үйл ажиллагаагаа явуулах болжээ. БНАСАУ-ын Элчин сайдын яамыг 1999 онд түр хаасан билээ. Ким Ен Ир Монгол, БНАСАУ-ын найрамдлын нэрэмжит Төв аймгийн Алтанбулаг суманд амралтын өдрүүдэд зочилно. /өнөөдөр 2004-8-07 184/