Би УИХ-ын гишүүн болсон ч наадмын торгон дэвжээнээс холдохгүй

-Би төрийн их баяр наадамд олон жил барилдаж, төрийн туг сүлдэндээ олон жил залбирч, сөхөрч ирсэн хүн. Өнөөдөр тангараг өргөж төрийн туг далбаанаасаа адис авлаа. Нэгэнт ард түмний итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдсон болохоор төрийн нурууг түшиж тулалцах их өндэр хариуцлага хүлээлээ дээ гэж бодож байна.
-Дархан аварга маань УИХ-ын гишүүн боллоо. Ажлаа юунаас эхлэх бодолтой байна вэ?
-Мэдээж УИХ-ын гишүүний тангараг өргөлөө. УИХ-ын гишүүний дэг жаяг, бусад хуулийн дагуу хамгийн түрүүнд УИХ, Засгийн газраа эмхлэн байгуулахаар гишүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Би УИХ-ын 50-р тойрогт нэр дэвшихдээ тойрог дээрээ тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор хувийн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Тойргийн сонгогчиддоо амласан тодорхой амлалтууд бий. Хэдийгээр өнөөдөр тангараг өргөж байгаа ч гэсэн энэ амласан, төлөвлөсөн ажил маань хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Жишээлбэл Цэнхэрмандал сумын эмнэлгийн барилгын хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн. Хэдхэн хоногийн дараа шав тавих ёслол болно. Үүнээс гадна Бор-Өндөр хотод Мобикомын үйлчилгээг нэвтрүүлэх амлалт байсан. Уг нь долоон сарын эхний долоо хоногт энэ асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэж амлачихсан байсан юм. Тэр дагуу Мобикомын станцууд ашиглалтанд ороход бэлэн болчихсон байгаа. Харамсалтай нь УИХ-ын чуулган нээлт, улс төрийн байдал, цаг үеийн нөхцөл байдлуудаас болоод нээлтийн ажиллагаа жаахан хойшлоод байна.
-Өнөөдөр улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй үед та улс төрд орж ирж байна. Сөрөг хүчин болох эвслийнхэнтэй гар нийлж ажиллаж чадна гэдэгтэй хэр итгэлтэй байна вэ?
-Ард түмэн өөрсдийнхөө сонголтыг хийсэн. Тиймээс улс орны, ард түмний эрх ашгийн төлөө нам эвсэл гэж талцалгүйгээр хамтран ажиллахаас өөр арга зам бидэнд байхгүй. Бусад гишүүд маань ч надтай адил бодолтой байгаа байх. Эцсийн зорилго нэг учраас бүгд сэтгэл зүтгэл гаргаж хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
-Хэнтий аймагт сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болсон. Ялна гэдэгт хэр итгэлтэй байсан бэ?
-Миний хувьд хэзээ ч унана гэж барилдаж байгаагүй. Улс төрийн сонгуульд ч мэн адил ялна, ялахын төлеө ажиллана гэж л бодож байсан. Энэ ялалт ганц миний ялалт байсангүй. Хамтран зүтгэгчид, намайг дэмжсэн бүх хүмүүсийн ялалт гэж бодож байгаа. Надад итгэл хүлээлгэсэн нутгийн зон олондоо үргэлж баярлаж явдаг даа.
-Та сонгуулийн нүсэр ажил дуусгаад л шууд наадмынхаа бэлтгэлд гарсан. Бэлтгэлээ хэр сайн базаасан бэ?
-Хэдийгээр цаг хугацаа давчуу байсан ч гэсэн бүх л боломжоороо бэлтгэл хийсэн. Ер нь миний хувьд байнгын дасгал хийдэг учраас наадамд бэлтгэлээ гайгүй сайн базаасан байсан.
-Таныг энэ наадамд үзүүр түрүү булаацалдах байх гэж олон хүн найдаж байсан. Бэлтгэл дутуу байв уу? Эсвэл өсч яваа залуу гарьдыг сайн барилдаг гэж тахимаа өгсөн үү гэдэг дээр бөх сонирхогчид маань маргалдаж байна. Энэ талаар?
-Намайг үзүүр, түрүү булаацалдана гэж итгэж, найдаж байсан бөх сонирхогчиддоо баярлалаа. Миний хувьд өсч дэвжиж яваа залуу аваргууд, гарьдууд хоорондоо сайхан барилдах боломжийг гаргаж өгье гэж бодож байсан. Залуу аварга, гарьдууд хоорондоо сайхан барилдаж наадамчин олноо баясгалаа.
-Энэ жилийн сонгууль ч, наадам ч хэн хүний санаанд оромгүй зүйлээр дүүрэн байлаа. Таныг багш аа гэж хүндэлдэг залуу аварга Өсөхбаяр дөрвийн даваанд өвдөг шороодлоо. Та үүнд харамссан уу?
-Надтай цуг нэг галд наадмын бэлтгэл базаадаг олон сайхан бөхчүүдийн нэг нь залуу аварга Өсөхбаяр. Ид барилдаж яваа залуу аваргыг дөрвийн даваанд өвдөг шороодоход харамсч л суулаа. Ганц би ч биш бөхдөө хайртай, бөхөө дээдэлдэг сонирхогчид маань харамссан байх аа. Өсөхбаяр аварга залуу хүн. Цаашдаа ч олон жил сайхан барилдаж бид бүхнийгээ баярлуулж явна гэдэгт итгэлтэй байгаа.
-Уучлаарай. Саваагүй зүйл асууя. Наадамд зодоглоход ЦЕГ-ын бөх Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн бөх Бат-Эрдэнэ хоёрын хооронд ялгаа бий болов уу?
-Би анх ЦЕГ-ын Хүч спорт хороонд цэргийн албанд татагдаж ирж байлаа. Түүнээс хойш 22 жил энд ажил алба хаасан хүн. УИХ-д нэр дэвшиж, хуулийн дагуу албан ёсоор чөлөөлөгдсөн. Миний хувьд ажил албаны харъяаллаар ЦЕГ-аас гарч байгаа болохоор цаашдаа Аварга биеийн тамирын дээд сургуулийн нэр дээрээс босч барилдана.
-Их аварга маань УИХ-ын гишүүн болчихлоо. Цаашид барилдах болов уу, үгүй болов уу? гэж бүгд л сонирхож байх шиг байна. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Миний хувьд УИХ-ын гишүүн болсон ч цаашид өөрийнхөө бололцооны хэрээр барилдаж, өөрийнхөө сонирхсон спортоор хичээллэж үзэгч олон түмнээ баясгаж явах бодолтой байна. Мэдээж УИХ-ын гишүүний хувьд хүлээсэн үүрэгтэй, цаг зав Багатай, ажил ихтэй байна гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ энэ ажил маань намайг наадмын торгон ногоон дэвжээнээс холдуулж чадахгүй гэдэгт итгэж байгаа шүү.
-Та урьд нь янз бүрийн хэл амнаас үргэлж ангид байсаар ирсэн. Гэвч улс төр гэдэг хатуу тоглоом. Янз бүрийн хэл аманд өртөнө, байнга олны өмнө ил байж үзэл бодлоо илэрхийлж байх болно. Энэ бүхэн танд хүнд санагдахгүй байна гэж үү?
-Өнөөдрийг хүртэл миний амьдрал олон түмний өмнө ил байсан. Надад б у с д а а с нууцлаад байх зүйл байхгүй. Яахав, ялгаатай нь гэвэл урьд нь би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байсан бол өнөөдөр сонгогчид, нийт ард түмнийхээ эрх ашгийг илэрхийлж ажиллах давхар хариуцлага үүрч байна гэж л ойлгож байна.
-Удахгүй эвлэрлийн Засгийн газар байгуулагдах нь тодорхой болсон. Улс төрч хүний хувьд хоёр өөр үзэл баримтлал, хоёр өөр мөрийн хөтөлбөртэй улс төрийн хүчнүүд нэг баг болж тогтвортой ажиллаж чадна гэдэгт та итгэж байна уу?
-Нэгэнт сонгуулийн үр дүнд бий болсон энэ улс төрийн нөхцөл байдал улс төрийн хүчнүүд, нэр дэвшигчдээс улс орныхоо хөгжил, ард түмний эрх ашгийн төлөө хамтарч ажиллахыг шаардаж байна. Тиймээс бүгд зөвшилцөж хамтарч, гар нийлж ажиллахын төлөө хичээж байна.
/olloo.mn/ Б.Цоож

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button