Н.Алтанхуяг магадлал өндөртэй байна

Эвслээс Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг хоёрын аль нэгийнх нь нэрийг Ерөнхий сайдаар томилуулахаар дэвшүүлэх нь үндсэндээ тодорхой болж байх шиг байна. Эх сурвалжуудын баталж буйгаар Н.Алтанхуяг магадлал арай илүүтэй байгаа аж. Элбэгээ ч саяхан нэг клубийн цуглаан дээр Ажил хийж намынхаа төлөө зүтгэж явсан нь Ерөнхий сайд болох ёстой. Миний хувьд чадах юмаараа тусалж хамтарч ажиллахад бэлэн хэмээн битүүхэндээ хэлсэн байна.
Элбэгээг лекц уншдаг болохоор лекцэнд сууж явах хэдэн жилд Н.Алтанхуяг улс төрийн субботник хийж, мөнхийн генсек нэр авахад хүрч, Алтан гадас-ыг үүсгэн байгуулалцаж, спортоор бол тасралтгүй бэлтгэл хийж байв. Алтан гадас гэдэг хөл бөмбөгийн хүчтэй баг-ийн гол түлхүүр, дежурный тоглогч нь Н.Алтанхуяг. Хамгийн сайн генсек ч гэгддэг. Түүнийг генсек байх үеийн намын дотоод ардчилал, сахилга бат үлгэр жишээ байсан гэж журмын нөхөд, хамт ажиллагсад нь үнэлдэг юм. Н.Алтанхуяг нэг ёсондоо багийн тоглогч. Түүний баг УИХ-д хамгийн олон төлөөлөлтэй байгаа нь нэн чухал факт юм. Yндэсний эвлэрлийн Засгийн газрыг толгойлох хүн хамгийн сайн зохицуулан эвлэрүүлэгч, сонсгол сайтай байх шаардлага эн тэргүүнд тавигдаж байгаа.
Хэт их нэрд гарсан хүнийг Ерөнхий сайд болгочихвол бусдаасаа холдоод явчихдаг, чих нь хатуурчихдаг, мартаж санадаг болчихдог хэмээн балиашгууд нь эмээж байгаагаас Алтанхуягийн шансыг ихэсгэж орхив. Амбиц багатай, мартаж санах нь цөөн Ерөнхий сайдын хэрэгцээ үндэсний зөвшилцлийн Засгийн газар ажиллах улс төрийн захзээлд эрэлттэй ч байгаа бололтой.
Нэг орой нэг лидерийн амбиц хөдлөхөд л маргааш нь Зэлтэрийн гацаа үүсэх магадлалтай байхад гацаанаас гаргагч Ерөнхий сайд хэрэгтэй байж үнэхээр мэдэх юм шүү. Н.Алтанхуягийг 1996-2000 оны УИХ-ын олон гацааг арилгасан гэж сөрөг хүчнийхэн нь хүртэл үнэлдэг. Түүний ажил хэрэгч чанар, улс төрийн туршлага, ямар ч ачаа үрүүлэхэд даах чадал нь олон удаа нотлогдсон. Нөгөө талаар Н.Алтанхуяг улс төрд 14 жил болохдоо ардчилсан хүчний нэрийг унагасан хэрэг явдалд хутгалдаагүй. Түүний тухай ямар нэг эвгүй мэдээ дуулдаж байгаагүй. Ер нь харьцангуй цэвэр, нэр хүндтэй Ерөнхий сайдын хэрэгцээ их байна. Монголын улс төрийн хоёр том хүчний нэр хүнд засаг толгойлогчийн ард байгаа гэдгээр энэ хэрэгцээг тайлбарлаж болох юм.
/Өнөөдөр, 2004. 08.10, 186/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button